Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний 8 цагийн байдлаар 9 товчоогоор орсон 7880, гарсан 7515 буюу нийт 15395 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Мөн 23470 зорчигч орж, 22403 зорчигч гарсан бөгөөд нийт 45873 хүн хяналт тандалтад хамрагдсан. Энэ үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг, 3357 зорчигч, 12 нислэгийн 854 зорчигч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ үед мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлсэн. Тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаас гадна иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Улаанбаатар луу орох, гарах чиглэлд тандалт судалгаануудыг хийж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу зорчих хөдөлгөөн их байна. Энэ аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. 24 цагийн дотор 60651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" гэв.