Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүрийн онгоц, орон нутгийн боомтуудаас орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх ёстой. Дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийж байгаа. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа нь дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 1727 хүний 1208-ыг нь эрүүл мэндийн төвийн хяналтад авсан. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна" гэсэн юм.