Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн XII хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар дуудлагаар очжээ.
Гал байшингийн хажуу гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байжээ. Дуудлагын эмч мэргэжлийн ур чадвар гарган шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварчээ.
Тэд угаартсан хүмүүсийг аварч түргэн тусламжийн машиндаа оруулах үед гэр шатаж нурсан аж. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас албан үүргээ гүйцэтгэж явахдаа эрдэнэт хүний амь насыг аварсан хоёр албан хаагчдад “Хүний төлөө” медалийг гардуулж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгожээ.
Түргэн тусламжийн Их эмч Э.Одгэрэл болсон явдлын талаар “Өнгөрөгч сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж дуудлагын дагуу очиход 50 гаруй насны иргэн хашааны гадаа тосож аваад “Байшин шатаж байна, бидэнд туслаач, гал дуудлага өгч туслаач” гэсэн. Бид шуурхай 101 рүү тусламж дуудаад, угаартсан хүмүүс хаана байгааг асуулаа. "Угаартсан иргэд урд талын гэрт бий" гэсэн.
Байшингийн гал гэрийн дээд талын даавуу руу орж эхэлсэн учраас гэр лүү хурдан гүйж орсон. Гэрийн голын орон дээр таван хүүхэд, 20, 50 орчим насны хоёр эмэгтэй байлаа. Би гэр шатаж эхэлснийг дуулгаад хүүхдүүдийг ороож машинд оруулсан. Мөн 50 гаруй насны эмэгтэйг аваад гарсан. 28 орчим насны эмэгтэй өөрөө хүрэм нөмрөөд бидэнтэй хамт гарсан. Ер нь бол бүгд л өмссөн хувцастайгаа л гарч амжсан даа. Ингээд хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэж, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн” хэмээн ярив.
Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байгаа аж. Харин жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллажээ.