Маргааш /2020.04.14/ 12:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана. Тус хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн 190 гаруй улс орнууд боловсролын салбартаа үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байна. Үүнд 1.7 тэрбум гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна.
Манай улсын хэмжээнд боловсролын салбарын хөл хориог цаг хугацааны хувьд мэдрэмжтэй зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хугацаандаа цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад теле хичээлийг сайн зохион байгуулж гэж эцэг эхчүүд, нийгмийн зүгээс сайшааж байгаа. Монгол Улсад нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед бид дараа, дараагийн асуудлыг судалж байна. Бид ч бас нөхцөл байдал хэцүү үед хуулийн төсөл хэлэлцээд сууж байна. Ямар ч байсан хүүхэд, залуучуудын хичээл, сургалтын асуудлыг орхигдуулахгүйгээр анхаарал хандуулж, хэвийн үйл ажиллагааг ЕБС-ийн сурагчдад теле хичээлээр, оюутнуудад онлайн хичээлээр хангаж байна. Эдгээр хичээлүүдийг тэргүүлэх зэрэгтэй багш нар бэлтгэж буйг онцолъё. Цаашид сургалтын арга хэмжээ теле хичээл болон онлайн сургалтаар явах боломжтой гэж үзэж байна.
Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог тавдугаар сарын 30 хүртэл үргэлжүүлэх талаар судалж байна. Тиймээс төгсөлт зэрэг бусад үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар судалж, Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны саналтай хамтатган салбар яамны саналаа хүргүүлнэ.
Төгсөх ангийн сурагчидтай холбоотой саналыг эцэг эхчүүд хүргүүлж байна. БСШУСЯ-наас эхний ээлжинд гарын авлага, CD, DVD зэргийг улсын хэмжээнд 28 мянга гаруй төгсөх ангийн сурагчдад хүргүүлсэн.
Одоо үлдсэн нэг сарын хугацаанд онцгой горимд, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12-р ангийн сурагчид давтлага хичээл орох боломж байгаа эсэхийг судалж, УОК-т танилцуулахад бэлтгэж байна. Ирэх долоо хоногоос манай яамнаас албан ёсны шийдвэр, мэдээллийг танилцуулна.
Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг тухай бүрд нь шийдвэр гаргах болно” гэж байсан билээ.