“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсантай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-аас 2019-2020 онд Г.Загдаад холбогдуулан, түүний үйлдсэн гэх гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг шалгасан байна. Үүнд, хууль сахиулагчийг эсэргүүцэх, бусдын биед хөнгөн хохирол учруулах мөн хүчиндэх гэсэн гэмт хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа аж.
Эдгээр хэргийн зарим нь мөрдөн байцаалтын шатандаа байгаа бол зарим нь шийдэгдсэн байна. Тухайлбал, иргэн Г.Загдаа иргэн М, Б нарыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан хэргийн мөрдөн байцаалт дуусч, дүүргийн прокурорын шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Мэдэгдлийн үеэр Цагдаагийн байгууллагаас “Цахим орчинд бусдыг доромжилж, дээрэлхсэн зүйлийг нийтэлж, уриалж байгаа нь нийгмийг хэв журмыг гажуудуулж буй хууль бус зүйл. Холбогдох хэргийг бид шалгаж байна. Мөн иргэн Х Г.Загдаад хүчиндүүлсэн гэж хандсан. Энэ гомдлын мөрөөр цагдаагийн байгууллага баривчлах бүрэн эрхтэй. Энэ дагуу баривчилсан. Нотлох баримт байгаа. Хэрвээ Г.Загдаагийн хүчингийн хэрэг тогтоогдвол хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх юм” хэмээлээ.
Нийслэлийн харьяа халамж үйлчилгээний хэлтсүүдээс 2003 оноос эхлэн “Зөв амьдрах ухаан ТББ”-д 695 сая төгрөг олгосон гэх мэдээлэл байдаг. Энэ мэт ТББ-уудыг цэгцлэхгүй бол хүссэн хүн бүр төрийн албан хаагчийг хөөж, тууж байна хэмээн мэдээлсэн юм. Мөн эл асуудлыг баримтжуулах, нотлох баримтуудыг цуглуулж байгаа гэлээ.
Хэрэв халамжийн байгууллагууд асруулагчийнхаа эрхийг зөрчсөн бол гэрчилгээг нь хүчингүй болгодог хэмээн Цагдаагийн байгууллагаас сануулсан юм.