"Монголдоо сайхан амъдрая" уриатай жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд болсон. Жагсаал шөнийн 04.00 цаг үргэлжилж, сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэн. Улмаар цагдаагийн албан хаагчид иргэдийг саатуулахдаа хүч хэрэглэж, чирж гулджан зодож авч яваа нь хэвлэлийнхний камерт өртсөн байдаг.
Харин яагаад иргэдийн биед халдсан талаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал "19.00 цагаас хойш жагсагчдын байдал солигдсон. Өдөр үзэл бодлоо илэрхийлж байсан залуусийн дийлэнх нь явж, бусдыг өдөөн турхирсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн залуус бий болсон. Сүүлдээ цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй асуудал үүсгэсэн. Жагсаал цуглаан намжихааргүй болж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд залуучууд олноор цугларсан. Залуусыг тарахыг шаардсан ч Их тэнгэрт жагссан, Төрийн ордон руу орохоор дайрсан. Цагдаагийн албан хаагчдын эрх чөлөөнд халдаж, тархи толгойг нь хагалсан.
Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч, жагсаал цуглааныг тараасан" гэлээ.
Улмаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цагдаагийн албан хаагчид яагаад иргэдийн биед халдсан бэ?
-Цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчдын биед халдсан тул албадлагын арга хэмжээ авсан.