Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон АН-ын нийт удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголын ардчилалд шинэ сорилт тулгарч байна. Өнөөдөр Монголыг Монголтой нь талцуулдаг, эвдрэлцүүлдэг байдал руу орох гэж байна. Энэ зүйл 20 дугаар зуунд булшлагдсан. Гэвч энэ зуунд дүрээ хувирган дахин босч ирж байгаад илүү сонор сэрэмжтэй байх ёстой. Монголын улс төрийн намууд бодлого зөрдөг байдал байдаг боловч нийтлэг эрх ашгийн төлөө, ардчилсан Монгол байх асуудалд нэг ойлголцолтой байдаг. Өнөөдөр шүүх улс төрчдийн шүүх болох зам руу явж байгаа нь харамсалтай. Шүүх угтаа шударга ёсны баталгаа байх ёстой. Хуулийн шинэтгэл хийх шаардлага байна. Гэм буруугүй хүнийг цагаатгаж чаддаг шүүх байхгүй байна. Тэгэхээр бидэнд цаашид хийх, засаж залруулах зүйл их байна" гэв.