Өчигдөр буюу бямба гаригт УОК-ын 16-р хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Юун түрүүнд даваа гарагаас орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хааж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл даваа гарагаас эхэлж үндэсний хэмжээнд бүх автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гаргасан байна. Үүнийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын засаг даргуудтай хамтрах аж.
Мөн ОХУ-аас Монгол улсын иргэдийг татан авах ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттайгаар, шуурхай явуулах үүрэг чиглэл гарчээ. Үүний дагуу өчигдөр нийт 282 иргэнээ ОХУ-аас татан аваад байгаа аж. Тэдгээрээс ХӨСҮТ-д 20 хүнийг, Асралт мед эмнэлэгт 28 хүн, Амар амралтын газар 80 хүн байрласны 79 нь насанд хүрсэн хүн, нэг нь хүүхэд юм байна. Харин Багабаян амралтын газарт 41 иргэнийг байршуулжээ.
Өчигдрийн хуралдаанаар гарсан дараагийн шийдвэр бол “Амны хаалт зүүх аян”-ыг тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд иргэд өөртөө болон өрөөл бусдад амны хаалт зүүх тал дээр шаардлага тавихыг уриалсан юм.