Их Британи улс хөгжиж буй орнуудын коронавирустэй тэмцэх ажилд туслах зорилгоор 200 сая фунт стерлинг /690 тэрбум төгрөг/ хандивлахаа мэдэгдлээ. Энэхүү мөнгийг голчлон дүрвэгсдийн хуаранд гар угаах цэг барихад ашиглах юм байна.
Их Британийн олон улсын хөгжлийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян "Гаднын, ялангуяа хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулснаар Их Британи халдварын хоёр дахь давлагаанаас сэргийлэх юм" гэжээ.
НҮБ-аас хэрэв хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхгүй бол халдварын хоёр дахь давлагаа эргэн хөгжингүй орнуудыг нөмөрнө гэж анхааруулаад байсан юм.Энэхүү тусламжаас гадна Их Британи улс, дотроо иргэний дайнтай, эрүүл мэндийн байгууллагуудын хагас нь үйл ажиллагаа явуулдаг Йемен улсын эрүүл мэндийн тогтолцоонд анхаарч тусламж үзүүлэх аж. Йемен улсад өчигдөр халдварын анхны тохиолдол илрээд буй.
Эх сурвалж: BBC