Ковид цар тахлаас үүдсэн хямрал өнгөрсөн хоёрын жилийн хугацаанд бидний "шүдний өвчин" болоод байв. Вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж арай гэж цар тахлын хүнд цаг үеийг ардаа орхисон боловч олон улсын нөхцөл байдал дахин нийгэм, эдийн засгийн хүндрэлийг бий болгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр уг асуудлыг дурдаж, хамгийн хүнд цаг үеийг туулж буй Засгийн газар гэдгээ онцолсон юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Юу үнэн, тэр үнэн. Цар тахлын блокад дөнгөж сулрах гэтэл хойд хөрш дайн өдүүлээд бүх төрлийн тээвэр, худалдаа гацав. ЗГ, Ерөнхий сайд болгонд бэрхшээл бий. Гэхдээ энэ Засгийн газарт тохиож буй нь арай л хатуу. Урд нь ядаж хил нээлттэй байв. Муулах, баалах амархан. Хил давсан зохицуулалт хийх хэцүү" хэмээн байр сууриа илэрхийлжээ.