Үнэтэй машин хөлөглөж, Төрийн ордон дотор хорон үг хаялцах шахуу өдрийг өнгөрүүлж суугаа улс төрчид дундаас УИХ-ын гишүүн Н.Учралд олон нийт арай өөр "үнэлгээ" тавьдаг нь үнэн. Гэтэл өнөөх нь "попрох" сэдвээ арай буруу байдлаар сонгох болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэх болов. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэв.
Түүний хэлснээр бол ард түмэн нь улиралдаа хэдэн сая төгрөгийн баримт уншуулчихаад НӨАТ-ын буцаан олголтоо хүлээн ажил хийлгүй, гар хумхин суудаг бололтой. Түүгээрээ ч амьдралаа залгуулчихдаг бололтой юм. Н.Учрал гишүүний ярьсан энэ үлгэр бодит байсан бол өнөөдрийн нийгэмд ажил хийх ямар хэрэг байгаа юм. Үнэн хэрэгтээ, улс төрчдийн халааснаасаа гаргаад худалдан авалт хийхдээ хэдэн зуун саяар нь НӨАТ уншуулдаг байдалд иргэд зэрэгцэх үү. Зэрэгцэх хэмжээнд ч дүйж очихгүй нь ойлгомжтой.
Хамгийн энгийн жишээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Гэтэл НӨАТ-ын буцаан олголтын 400 мянган төгрөгөөр амьдрахын тулд энгийн иргэн 20 сая төгрөгийн НӨАТ уншуулах шаардлагатай болж таарна. Гэтэл өнөөдөр Монгол Улсад гадагш гараад л 20 сая төгрөгийн худалдан авалт хийх хэмжээний бэл бэнчинтэй ард иргэд хэр их вэ. Ийм л амьдралаас хол тасарсан сэтгэхүйтэй улс төрчдийг дээрээ залчихаад сууж байна даа, бид.
МАН-ын бодлого халамжаас халамжийн хооронд байгааг сөрөг хүчин шүүмжилдэг. Халамжаас хөдөлмөрт уриаг дэвшүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодлого барихаа онцолж байсан эрх баригч намын эрхмүүд өнөөдөр НӨАТ-ыг халамжийн бодлогынхоо нэг хэсэг болгох нь. Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь нийгмийн халамж хүртэж, улсын төсвийнхөө 30 орчим хувийг халамжинд зарцуулж байна. НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь. Гэтэл бодит байдал дээр НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь халамж руу чиглэсэн бодлого хавтгайрна уу л гэхээс буурахгүй нь лавтай. Ийнхүү ажилгүйдлээ, ядуурлаас гарах шийдлийг халамж хэмээн харах улс төрчдийн эгнээнд Н.Учрал гишүүн багтчихав бололтой. Ер нь халамж гээч нь иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх боломжийг "боловсоноор" хааж байгаа хэрэг гэдгээ хэзээ ухаарах вэ эрх баригчдаа.