Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар хийсэн юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Дэлхийн 43 улсаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Шалтгаанаар ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн 32,бага насны хүүхэд 307,оюутан 973, байрлах газаргүй болсон 409, санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна. Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм” гэлээ.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Сөүлийн онгоцоор транзитаар явж байгаа 51 зорчигч ирсэн. Транзит нислэгээр ирж байгаа иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах журам хэрэгжиж байгаа учраас ХӨСҮТ-ийн орны тооноос хамаараад 51 гэсэн квот тогтоосон” гэв.