УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төгсөх ангийн сурагчдын давтлага хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар судалгаа явуулж байна. БСШУСЯ-наас төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдээс санал асуулга авч байна. Тус санал асуулга нь “Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бүртгүүлсэн үү?”, “Тавдугаар сард давтлага хичээл орвол хамрагдах гэх үү” асуулгатай юм. Өнөө өглөөнөөс эхлэн санал асуулга явуулснаас хоёр мянга гаруй эцэг эхчүүд, гурван мянга гаруй сурагчид хамрагдаад байна.
Нийт эцэг эхчүүдийн 81 хувь нь, сурагчдын 85 хувь нь давтлага хичээл орохыг дэмжээд байна. Хэрэв давтлага хичээл зохион байгуулвал УОК, ЭМЯ, ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн дагуу эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсний дараа эцэг эх, сурагчдын зөвшөөрөлтэйгээр, сайн дурын үндсэн дээр хамруулна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн мягмар гарагийн УОК-ийн хурал, лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар санал оруулж, шийдвэрлэнэ” гэв.