Сүүлийн үед бидний ирээдүй хойч болсон хүүхэд, залуус маань гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Өчигдөр л гэхэд цахим сүлжээнд өөрийн эцэг, эх шиг насны хүмүүсийг цахилгаан шатанд ямар ч хайрлах сэтгэлгүйгээр бүлэглэн зодож, хутга тулга сүрдүүлж буй өсвөр насны хүүхдүүдийн бичлэг цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагууллаа. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хэргийн хохирогчид нь 48-49 насны хүмүүс. Харин хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн тогтоогоод буй этгээдүүд нь 13-16 насны өсвөр насны дөрвөн хүүхэд. Эдгээр хүүхдүүдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлээд байна. Тухайн үед хүүхдүүд архи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ба дээрэмдсэн зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Харин хохирогчид эмнэлгийн байгууллагаар үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгож байгаа аж.
Насанд хүрээгүй хүүхдийн холбогдон шалгагдсан хэргүүдийн талаар бид мэдээлэл авдаг хэр үр хүүхдэдээ анхаарлаа хандуулдаггүй байдлаас үүдэлтэйг тэр бүр ухамсарладаггүй. Товчхондоо, тэрхэн зуурт л шуугиад өнгөрөхөөс хэтрэхгүй. Хэдхэн жишээг эргэн сануулъя.
- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо байрны гадна 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр .. сургуулийн 11-р ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн цахим орчинд цацагдав.
- Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр гарав. Сэжигтнүүд 16-18 настай бөгөөд эд мөрийн баримтаар шилтэй вискинүүдийг хураан авсан аж.
- Өнгөрөгч оны наймдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд 11 настай хүүхэд садангийн 7 болон 13 настай хоёр хүүхдийг хутгалсан хэрэг гарав.
-2021 онд 16 нас хүрээгүй 362 хүүхэд цагдаагийн байгууллагын “хаалгыг” татжээ-
Өнгөрсөн онуудад насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт холбогдох байдал ямар байв. Цагдаагийн байгууллагаас өгч буй тоон мэдээллээс харахад 15 хүртэлх насны 2020 онд 415, 2021 онд 362 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Өөрөөр хэлбэл, 16 нас ч хүрээгүй үедээ энэ тооны хүүхэд цагдаагийн байгууллагын хаалгыг татжээ.
-Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь зургаан сараас 12 жил хүртэлх хорих ялын санкцтай-
Монгол Улсын Эрүүгийн хуульд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг хэрэг хүлээх чадвартай гэж үзсэн байдаг. Иймдээ ч эл асуудал хөндөгдөх бүрт олон нийт ямар хариуцлага хүлээлгэх талаар ам уралдан ярьцгаадаг. Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь ямар эрх зүйн орчин яригдах талаар хүргэе.
Тухайлбал, цахилгаан шатанд бусдыг дээрэмдэж, биед нь халдсан хүүхдүүдийн хэргийг авч үзье. Тухайн хүүхдүүд дээрэмдэх төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Үүнийг Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17.2 дугаар зүйл буюу дээрэмдэх заалтад хамаарна. Мэдээж тухайн хүүхдүүдийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэхгүй. Тэгвэл дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг вэ.
Эрүүгийн тухай хуулийн 17.2 дугаар зүйл
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Өөрөөр хэлбэл, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь зургаан сараас 12 жил хүртэлх хорих ялын санкцтай байдаг.
-ЭРҮҮГИЙН ХУУЛЬ: Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ-
Тэгвэл насанд хүрээгүй буюу насны хязгаар оногдуулах хариуцлагад хэрхэн нөлөөлөх вэ. Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарын талаар дурдсан байдаг. Тодруулбал,
1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно” хэмээн заажээ.
-Хүүхэдтэйгээ харилцдаггүй, ярилцдаггүй байдал нь гэмт хэрэг үйлдэх эрсдэлд оруулж байгааг ухамсарладаггүй-
Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон гэмт хэргийн цаад нөхцөл, шалтгааны талаар ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас тодруулсан тодруулгыг сэргээн хүргэе.
-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа нь олон нийтийн санааг зовоосон асуудлын нэг болж байна. Ер нь хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх болсон цаад шалтгаан, нөхцөл нь юунаас хамаарч байна гэж үзэх вэ?
-Хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн цаад шалтгаанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхэд эдийн засгийн хувьд бусдаас хараат байдаг. Хараат байдал нь хоол хүнс, хувцас хунар, орон байрны хэрэгцээг багтаан үзэж болно. Тухайн хэрэгцээг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжих үүрэгтэй нэгэн хангах ёстой боловч боломжгүй нөхцөл байдлаас үүдэн гэмт хэрэг үйлдэх шалтгаан бүрдэж байна.
Мөн насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд бүрэн гүйцэд төлөвшөөгүй буюу ертөнцийг үзэх үзэл нь тогтворжоогүй байдаг. Нөгөө талаас хүүхэд гэдэг өөрийг нь хүрээлж байгаа гэр бүл, найз нөхөд, мөн ойр дотнын хэн нэгний нөлөөнд автах нь амархан. Түүнчлэн гэр бүлийн орчны таагүй нөлөөллөөс архи дарс хэрэглэх, мансуурах, донтолт зэрэгт амархан өдөөгдөж сөрөг зан төлөвтэй болох, гэмт хэрэгт өртөх цаашилбал үйлдэх шалтгаан болж байдаг. Ер нь эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхэдтэйгээ харьцдаггүй, ярилцдаггүй байдал нь тухайн хүүхдийг ямар нэгэн эрсдэлд орох үр дагаврыг үүсгэж байдаг гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй.
-Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн ар гэрийнхнийг дуудаж уулздаг байх. Ер нь ар гэрийнхний зүгээс ямар юу ярьдаг вэ?
-Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг заавал дуудаж уулздаг. Тэдгээрийг байлцуулан тухайн хэргийг шалгаж, мөрдөх ажиллагааг явуулах хуультай. Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг зав гаргаж, анхаарал хандуулаагүйгээс энэ мэт эрсдэлд орсон гэдгийг ухамсарладаггүй. “Би хүүхдээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэй, би ажил хийх ёстой” байдлаар үр хүүхдэдээ анхаарал хандуулахаа багасах тал ажиглагддаг. Хараа хяналтгүй орхих нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн орчинд олж авах хүмүүжил, төлөвшил нь бүрэлдэж чаддаггүй. Энэ байдлаас хүүхэд сошиал орчинг удаан хугацаагаар ашиглах, шүүлтүүргүйгээр сөрөг мэдээ, мэдээллийг хүлээн авч байна. Энэ нь үр хүүхдийн тань хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг.
-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг үзэж харж буй зүйлсээс нь шалтгаалж байна хэмээн иргэд хэлцэх боллоо. Энэ тал дээр?
-Өөрсдөө хүүхдэдээ цаг зав гаргадаггүй, хүмүүжил төлөвшилд нь анхаарал хандуулаагүйгээс цахим орчинд харж үзэж буй зүйлээсээ сэдэл авж байна хэмээн хэтэрхий туйлширч болохгүй болов уу. Ер нь гэмт хэрэгт холбогдож байгаа нь эцэг, эхээс шууд хамааралтай. Эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ цахим хэрэглээнд ч хяналт тавих боломжтой шүү дээ.