Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Лүндээжанцан: Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал тасалвал тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 32 секунд

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулж батлуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийнхээ эхэнд, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байна.

Иймээс энэхүү онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэрлэвэл зохих асуудлыг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлагыг харгалзан миний бие Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал шуурхай хэлэлцэж баталлаа.

Ингэснээр онцгой нөхцөлийг арилгах, даван туулахтай холбоотой хууль тогтоомжийг тухай бүрд нь шуурхай хэлэлцэж шийдвэрлэх боломж бүрдлээ. Цаашид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхтэй холбогдсон олон хууль, тогтоолыг хэлэлцэж шаардлага тулгарч байгаа. Энэ бүх эрх зүйн баримт бичгүүдийг хэлэлцэж шийдвэрлэх, онцгой нөхцөлийн үед төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг энэ хуулийн нэмэлтээр нээж өгч байгаа юм гэдгийг онцоллоо.  

Мөн ердийн нөхцөлд хууль, тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах бүхий л процессыг нарийн чанд хуульчилж өгсөн байдаг. Харин энэ хуулиар онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болохоор зааж өгсөн. Ингэснээр халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурапдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох, ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулах юм.

Түүнчлэн дээр дурдсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд чуулганы байршлыг өөрчилж өөр газар хуралдуулж болох, хаалттай хуралдаан хийх тохиолдолд хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулахаар заасан.

Мөн онцгой нөхцөлийн үед гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шуурхай хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг суулгаж өгсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасахаар болж байгаа.

Санал хураалтыг цахимаар, эсхүл өргөж, явуулах, харин нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар авахаар тусгагдсан.

"Халдварын тархалтад улс үндэстний онцлог хамаарахгүй"
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.