УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй УИХ-ын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Мөн хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Ийм учраас өвдсөн, бусад эрхтэн системд өөрчлөлт өгсөн хойно нь эмчлэх бус түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг бууруулах нь иргэдэд ч эмнэлгүүдэд ч, эрүүл мэндийн салбарт ч тустай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог" гэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "ДЭМБ-аас чихэрлэг ундаа, бүтээгдэхүүнд татвар авах уриалга гаргасан. Энэ нь бусад улс оронд хэрэгжээд явж байгаа. Бид бэлтгэл ажлыг хангах үүднээс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх заалтыг тусгаж байна. Хуучин байсан Өргөдлийн байнгын хороо, одоо Нийгмийн бодлогын байнгын хороонд эцэг эхчүүдээс "Сургуулийн эргэн тойрны хүнсний дэлгүүрүүдэд чихэрлэг ундаа, хаяг шошго тодорхойгүй ундаа маш их байна. Сургууль цэцэрлэгийн хоолны газарт чихэрлэг ундаа маш их зарж байна" гэж гомдол ирдэг. Судалгаа хийж үзэхэд хүүхдүүдийн шүдний цоорол 70 хувьтай байна. Бүр өвчний үндэс шүдний өвчин байдаг. Энэ нь чихэрлэг бүтээгдэхүүнтэй холбоотой. Тиймээс энэ хуулийг санаачилж, хэрэгжүүлэхээр болоод байна. Ингэснээр ирээдүй хойч үедээ эрүүл байх суурийг нь тавих болно.