МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулав. Тэрбээр "Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Тиймээс Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.
Энэ мэдээллийг сонсдог нь ОХУ, Украин улсын хооронд болж буй дайнтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна, ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар мөн экспорт, импортыг нэмэгдүүлэх ямар гарц байгаа талаар ярилцлаа. Засгийн газар болон Монголбанк, холбогдох хүмүүс идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Тиймээс УИХ, ЗГ-аас ажлын хэсэг яаралтай гаргаж ажиллах шаардлагатай байна гэдэг шийдлийг бүлгээс гаргалаа. Валютын ханш өсөх магадлал бий болж, бараа бүтээгдэхүүний олдоц муудаж байна. Тиймээс эдгээр бүх ажлыг том зургаар нь авч үзэх шаардлагатай гэж үзлээ” гэв.