Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш боллоо. Хуралдаанд Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийв. Улмаар гишүүдийн сонирхсон асуултад хариулав.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Газар олголт, газар төлөвлөлт бол сүүлийн 30 жилийн хугацаанд ухарсан салбаруудын нэг. Одоо бусад аймгууд яг Улаанбаатарын жишгээр явж байна. Маш замбараагүй, утаандаа баригдсан, хот дотроо ямарч төлөвлөлтгүй байна. Тиймээс энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах гэхээр үүнийг нь бүрдүүлж өгөхгүй байгаа гол шалтгаан нь газар олголт.
Орон сууцны газарт газар битгий өгөөч ээ. Орон сууц гэдэг чинь хорооллоор нь барьдаг асуудал шүү дээ. Эмнэлэг, сургуультай байх ёстой. Тэгээд жаахан газар өгөхөөр л орон сууц бариад ямар ч тав тухгүй. Үүнийг зогсоох хэрэгтэй" гэлээ.