Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нийслэлийн хэмжээнд ганцхан цэгт менингетийн вакцин хийж байгаагаас ХӨСҮТ-д ачаалал нэмэгджээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 34 секунд

Урин дулааны өдрүүд эхэлсэн ч хүүхэд багачуудын дундах томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж зарим эмнэлгүүд ачааллаа дийлэхүйц нөхцөл байдалтай байна. Улсын эмнэлэг байтугай хувийн эмнэлгүүдийн хүүхдийн эмчийн өрөөний гадна хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд олон цагаар оочирлож байна. Тэгвэл оочир дараалал гэх ойлголт зөвхөн эмчийн үзлэг дээр тогтохгүй вакцин дээр ч үүсэж эхэлжээ. Тодруулбал, бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа талаар гэж ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсан. Ингэхдээ менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтыг өнгөрөгч Баасан гарагаас эхлэн ХӨСҮТ эхлүүлээд буй. Тэгвэл сайн дурын дархлаажуулалтын бодит нөхцөл байдал хэр байгааг сурвалжиллаа.

-Нийслэлийн хэмжээнд ганцхан цэгт менингетийн вакцин хийж байгаагаас ХӨСҮТ-ийн амбулатори олны хөлд дарагджээ-

Вакцинд 2-оос дээш насны иргэдийг хамруулж байгаа. Цахилгаан менингет өвчний эсрэг вакцины "сургаар" шахуу ХӨСҮТ-ийн амбулатори хөлд дарагдсаныг албаныхан хэлж байлаа. Ачаалал их байгаагаас 14:30 хүртэл ажиллах ёстой цэг цагаа уртасгаж 16 цаг хүртэл ажиллах болжээ.

Амбулаторийн үүдэнд амны хаалтаа дутуу хатуухан зүүсэн хүүхдүүд эмнэлгийн коридороор хоёр тийш гүйлдэнэ. Давчуухан зайтай, бүгчим эмнэлгийн хэсэгт вакцинд хамруулахаар 1-2 хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд шаваастай. Зохион байгуулалт талаас тун ч сул байгааг бэлхэнээ ажиглаж болохоор зураглал биднийг угтав. Эцэг, эхчүүд вакцин хийлгэхийн тулд олон цагаар дугаарлаж байгаагаа учирлаж байлаа.

-Өрх, дүүргүүддээ хуваарилах байдлаар зохион байгуулалтаа хийвэл ХӨСҮТ-д ч, хүүхэд болон эцэг, эхчүүдэд ч хүндрэл багатай-

Иргэн Г.Номин "2-4 насны хоёр хүүхдэдээ вакцин хийлгэхээр дугаарлаж байна. Ачаалал ч их байна. Зохион байгуулалт ч муу байгаа нь харагдаж байгаа байх. Нэг хүүхдээ вакцинжуулах байсан ч түүнтэй цуг эцэг, эхчүүд нь дагаад ирж байгаа шүү дээ. Суух газар ч байхгүйн дээр эмнэлгийн орчинд амьсгалах агаар хүртэл бүгчим байдалд л бид оочирлож байна. Өөр бусад тархаж буй нян, бактериас шалтгаалан удаан хугацаагаар хүүхдээ авч ирэхийг бодохгүй шүү дээ. Иймээс тус вакциныг ганцхан цэг дээр хийх бус бусад хороо, өрх, дүүргүүддээ хуваарилах байдлаар зохион байгуулалтаа хийвэл ХӨСҮТ-д ч тэр, хүүхэд болон эцэг, эхчүүдэд ч хүндрэл багатай. Нийслэлийн хэмжээнд ганцхан газарт хийж байгаа учраас аргагүйн эрхэнд ирж хийлгэж байна. Өнгөрсөн Баасан гарагт ирээд хүн ихтэй байсан тул хийлгэж чадалгүй буцсан. Өнөөдөр ирэхэд мөн л ачаалал ихтэй байна.

Бас нэг асуудал нь ажиллаж буй цаг. Ажлын цаг тарах үеэр цэгүүд нь хаачихна. Тэгэхээр эцэг, эхчүүд цэг нь хаахаас урьтаад хамаг ажлаа зохицуулан байж ирж байна шүү дээ. Үнэн хэрэгтээ эмч ажилчид нь өөрсдөө бухимдалтай байна лээ" гэв.

-Дөрвөн цаг дугаарлаж байж хоёр хүүхдэдээ вакцин хийлгэлээ-

Иргэн Ц.Батмөнх "Би орон нутгийн харъяалалтай. Гэхдээ хоёр хүүхдэдээ вакцинд хийлгэхээр өглөө 9 цагт ирсэн. Дөрвөн цагийн турш дугаарлаж байж вакциныг нь хийлгэлээ. Хүн ихтэй байна. Коридор хэсэгт хүмүүс нь их болчихлоор дугаарлах тал дээр манайхан хэл ам үүсгэх тал ч ажиглагдаж байна лээ. Ачаалал их байгаа учраас зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй" гэлээ.

-Менингококкт халдвараар өвчилсөн хоёр хүүхдийн нэг нь амиа алджээ-

Тэгвэл бид ХӨСҮТ-ийн томуугийн тасгийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангаас менингококкт халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалтын талаар тодруулга мэдээллийг авлаа.

-Өнөөдрийн байдлаар /2022.03.13/ менингококкт халдварын хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ. Өвдсөн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-2022 оны гуравдугаар сар гарсаар улсын хэмжээнд нийт хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Хоёр тохиолдлын нэг нь нас барсан нөхцөл байдалтай байгаа. Харин нэг хүүхдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.

-Эндсэн нэг хүүхэд эрүүл мэндийн байгууллагад хандсан байсан уу. Эмчилгээ хийлгэж байх явцад нас барсан юм уу. Амиа алдсан нэг тохиолдол нь хэдэн настай хүүхэд байсан бэ?

-Бүртгэгдсэн хоёр тохиолдол нь 4 хүртэлх насны хүүхдүүд. Эрүүл мэндийн байгууллагад хандсан. Гэвч нэлээн хүндэрсэн хойноо хандсан учраас эмчилгээ хийлгэж байсан боловч биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барсан.

-Хүндрэх эрсдэл өндөр байгаа байх нь?

-Цахилгаан менингет нь маш хурдан хугацаанд хүндэрч эндэгдэлд хүргэх аюултай өвчин. Томуу төст өвчний дэгдэлт гарч буйтай холбоотойгоор томуутай андуурч, гэрийн нөхцөлд хүндрүүлэх эрсдэл бий учраас эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж буй юм. Тууралт доод мөчдөөс эхлэн гарч эхэлдэг. Шалтгаангүйгээр өндөр халуурч, цусархаг тууралт үүссэн байвал цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Менингококкт халдвар нь эрт оношлогдож эмчилгээгээ сайн хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрдэг өвчин. Өвдсөн болгон хүндрээд байхгүй. Гэхдээ өмнө бүртгэгдсэн өвчлөлүүдийн байдлаас харахад нийт өвчлөлтийн хүндэрч буй шалтгаан нь эцэг, эхчүүд анзааргагүй байдлаас эрүүл мэндийн байгууллагад орой хандах нь нөлөөлж байгаа. 2-5 хүртэлх насны хүүхдүүд нийт өвчлөлийн 80-90 хувийг эзэлж байна.

-Менингококкт халдварын эсрэг вакциныг хүн бүр хийлгэх шаардлагагүй-

-Насанд хүрэгчид менингококкт халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл бий юу?

-Менингококкт халдвараар бүх насныхан өвдөнө. Энэ дундаа хүртэлх насныхан өвдөж байгааг хэлж буй юм. Насанд хүрэгчид өвдөхөд хүүхдийн адил хүндрэх эрсдэл бий.

-ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалт эхэлсэн. Амбулаторийн ачаалал нэмэгдсэн байна?

-Менингококкт халдварын эсрэг вакциныг бид жил бүр хийдэг. Тархвар судлалын заалтаар ойрын хавьтал болсон иргэдийг тодорхойлж тэднийг вакцинд хамруулдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд менингококкт халдвар бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн идэвхжил нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Ачаалал ихсэж байгаа. Тус вакциныг хүн бүр хийлгэх шаардлагагүй. 5 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвдөх эрсдэлтэй тул 2-5 насныхныг сайн дурын дархлаажуулалтад хамруулбал илүү үр дүнтэй. Насанд хүрэгчид болон 5-аас дээш насныхан бүгд вакцин хийлгэхээр ирвэл зохиомол ачааллыг бий болгох эрсдэлтэй. Мөн вакцинаас гадна урьдчилан сэргийлэх энгийн алхмуудыг авч хэрэгжүүлэх нь зөв.

-Шинж тэмдгийн хувьд томуу төст өвчинтэй адилхан байна гэдгийг хэлж байна. Энэ тохиолдолд менингококкт халдварыг ханиаднаас хэрхэн ялгах вэ?

-Шалтгаангүйгээр маш өндөр халуурна, халууны эм уусан ч халуун буурдаггүй. Ийм тохиолдолд заавал бүтэн биеийн үзлэг хийж тууралт гарсан эсэхийг харах хэрэгтэй. Тууралт нь энгийн улаан тууралтаас эхлээд цусархаг хүртэл гардаг.

УБТЗ-ын 15 дарга өөрсдийгөө 790 сая төгрөгөөр ШАГНАЖЭЭ
УБТЗ-ын 15 дарга өөрсдийгөө 790 сая төгрөгөөр ШАГНАЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.