Цар тахлын хоёр жилд бид эрүүл мэндийн салбараа боловсролоос дээгүүр чухалчилж үзсэн. Үүнийхээ дүнд сургуульдаа ч очиж үзээгүй нэгэн үеийнхэн, хичээлийн хоцрогдолд орсон сурагчидтай л болсон. Энэ оноос эхлэн цэцэрлэг, сургууль ч 100 хувь танхимаар хичээллэх болсонд эцэг, эхчүүдийн зүгээс сайшаалтай хандсан. Гэвч саяхнаас цахилгаан менингоккт халдвар бүртгэгдэж эхэллээ гэх дуулианаар эрүүл мэндийн салбарынхан нь хүүхдүүдийг хичээл сургуульд нь танхимаар бус зайнаас суралцуулах талаар бичиж байна. Бид ямар ч халдварт өвчний цаг үед бэлэн байдлаа хангасан байх ёстой. Гэтэл нэг өвчин гарч ирэв үү үгүй юу боловсролын салбарын үйл ажиллагааг зогсоогоод байвал энэ улсад боловсролтой гэхээсээ илүү хоцрогдол ихтэй, нийгмийн харилцаанд оролцох чадварт бүрэн суралцаагүй нэгэн үеийнхэн бий болох эрсдэлтэй. Мэдээж эрүүл мэнд чухал. Гэхдээ эрүүл мэнд эрсдэлд орлоо гэхэд салбар нь энэ хэмжээний ачаалал даахуйц байх ёстой. Гэтэл эрүүл мэндийн салбарын хүнд байдлаа нуух үйлдэлдээ боловсролыг золиослох ёсгүй л баймаар.
Дараагаар, эрүүл мэндийн салбарт бүрэн утгаараа шинэчлэл хийх болсныг өнөөдрийн нөхцөл байдалд бидэнд бэлхэнээ харуулж байна. Гадуур алхаж буй нэг хүнээс л ам асуухад нотлоод өгөх биз. Сүүлийн өдрүүдэд эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больж, хүүхдээ үзүүлэхээр очсон эцэг, эхчүүд эмчийн өрөөний үүдийг олон цагаар сахиж байна. Энэ нөхцөлд хүүхдүүдээ олон нийт цугласан цэцэрлэг сургуулийн орчин руу явуулахгүй байх зөвлөмж өгөхийн оронд салбартаа дорвитойхон ажлуудыг хийж гүйцэтгэмээр байна. Тухайлбал, хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогоо тэлэх гэх мэт тулгамдсан асуудлууддаа анхаарч чадаж байна уу. Эрүүл мэндийн сайд аа,
Утаа, түгжрэлийнхээ асуудлыг жил бүр шийдвэрлэнэ гэж ярьдаг шигээ хөрсний бохирдол, ариутгал халдваргүйтгэлийн асуудалд ч анхаардаг болмоор байна, Хотын дарга аа. Нийслэлд суурьшсан хүн амын төвлөрлөөс үүдэн урин дулааны цагт ч амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт гарах нь элбэг. Иймд цар тахлын үе шигээ ариутгал халдваргүйтгэлийн ажлаа эрчимжүүлж эхлэх шаардлагатай байна.