Төр шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргаснаас хойш даруй таван сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд шатахууны үнэ гурван ч удаа нэмэгдлээ. Тухайлбал, өчигдөр АИ 92 шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж, 2390 төгрөг болов. Тэгвэл шатахууны үнийн өсөлтийн шалтгаан, төрөөс тавьж буй бодлого нь шатахуун импортлогч ААН байгууллагуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциацийн тэргүүн Д.Алтан-Очиртой ярилцлаа.
-АИ 92 шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор шатахуун импортлогчид тодорхой давтамжтайгаар үнэ нэмж байгаа асуудалд олон нийт бухимдалтай хандаж байна. Шатахуун импортлогчид энэ байдалд ямар тайлбар өгөх вэ?
-Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өнгөрсөн оны нэгдүгээр улиралаас нэмэгдэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ 92 шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмлээ. УУХҮЯ-наас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шатахууны үнийг үе шаттайгаар чөлөөлнө хэмээн мэдэгдсэн. Гэхдээ шууд зах зээлийн зарчим руу шилжүүлэхэд ард иргэдийн нуруун дээр үнийн өндөр хэлбэлзэл очих тул эхний ээлжинд зургаан сарын дунджаар үнээ тогтоох шийдэл төр болон ТББ, ААН байгууллагууд оролцсон үнийн зөвлөлөөс гарсан. Үүний дагуу сүүлийн зургаан сарын дунджаар жижиглэнгийн үнийг тогтоон ажиллаж байна.
АИ шатахууныг 2021 оны нэгдүгээр улиралд 550 доллараар худалдан авч байсан бол өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээрээс 942 доллараар авч байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрээс хоёр дахин өндөр үнээр худалдан авч, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа гэсэн үг юм. Зургаан сарын дунджаар өнөөдөр 100 төгрөг нэмсэн ч гэсэн импортлогч ААН байгууллагууд алдагдалтай зарж байгаа.
-Тэгэхээр 100 төгрөгөөр нэмсэн ч шатахуун импортлогчид алдагдлаа нөхөх хэмжээний биш гэж харж байгаа байх нь?
-Тийм ээ.
-Нөгөөтээгүүр үнэ өссөн нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд холбоотой гэж харж байна уу?
-Манай улсын шатахууны нийлүүлэлт гадны импортоос 100 хувь хамаардаг. Энэ утгаараа Монгол Улс өөрөө дэлхийн зах зээлийн дундаж үнээр худалдан авалт хийдэг. ОХУ-аас шатахуунаа худалдаж авч байгаа ч гэсэн Сингапурын хөрөнгийн биржийн талаас өнгөрсөн сарын дунджаар шатахуунаа худалдан авдаг. Тэгэхээр олон улсын зах зээлийн үнийг Монгол Улс баримталж, импортоо хийдэг гэсэн үг.
-Цаашид дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна уу. Шатахуун импортлогчид энэ тал дээр ямар бодлого баримтлах гэж байна. Төрөөс авч хэрэгжүүлж буй зургаан сарын импортын дундаж болон үнийн өсөлтөд тавьж буй хязгаарлалт нь өөрөө үнийг тогтвортой барих тал дээр хэр зөв бодлого гэж та харж байна вэ?
-Зургаан сарын дундаж болон нэг удаагийн үнийн өсөлтийг 100 төгрөгөөр хязгаарласан. Энэ нь нэг удаагийн үнийн өсөлтийг 100 төгрөгөөс дээш гаргахгүй гэж байгаа хэрэг. Түүнээс биш сардаа нэг удаа нэмнэ гэдэг хязгаарлалт биш. Гуравдугаар сард дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 100 гаруй доллараар өсөж орж ирлээ шүү дээ. Дөрөвдүгээр сард ч дахин 100 гаруй доллараар өсөх магадлалтай харагдаж байна. 100 гаруй доллараар өсөж орж ирнэ гэдэг нь Монгол Улсад шатахууны үнэ литр тутамдаа 220-230 төгрөгөөр нэмэгдэх прогнозтой.
Гэтэл зургаан сарын дунджаар үнийг тогтоон барьснаар 100 төгрөгөөр хязгаарлаж байгаа хэрэг юм. Энэ нь хэрэглэгчдэд огцом нэмэгдэхгүй байх хандлага харагдаж байгаа боловч импортлогч ААН–үүд алдагдалтай хэвээр байна. ААН-үүд өнгөрсөн 2021 онд их хэмжээний алдагдал хүлээсэн боловч нийгмийн хариуцлагын хүрээнд 1900 гаруй төгрөгөөр орж ирж байгаа бүтээгдэхүүнийг 1460 төгрөгөөр зургаан сарын хугацаанд зарсан. Түүнээс хойш дахин 300 төгрөгөөр хоёр удаа нэмсэн ч алдагдлаа хүлээсээр л байсан. Он гарсаар алдагдалтай хэвээр байгаа. Тэгэхээр зургаан сарын дунджаар үнийг тогтоон барьж байгаа явдал нь үнэ өсөж байгаа нөхцөлд ААН-д хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Ялангуяа өнгөрсөн жилийн хугацаанд ААН-үүд санхүүжилтийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орчихсон. Магадгүй тавдугаар сард дэлхийн зах зээл дээрх үнэ өсвөл шатахууны нөөцийн бүрдүүлэлт тал дээр хүндрэл учирна гэж харж байгаа.
-Шатахуун импортлогчид эхнээсээ санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд байдалд ороод эхэлсэн талаар та хэллээ. Тэгвэл ААН-үүд өөрсдөө ямар бодлого барьж байгаа вэ. Мэдээж төр үнийг бүрэн чөлөөлөөгүй. Тиймдээ ч одоогийн нөхцөлд төр ямар оролцоотой байна вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна?
-Зургаан сарын дунджаас гадна өртөг хэрхэн бүрдэж байгаа вэ гэдэгт хяналт тавьж байгаа. Өртөг хэрхэн бүрддэг вэ гэдэгт ААН байгууллагууд бүгд нээлттэй. Хэдэн төгрөгөөр гадны зах зээлээс худалдан авдаг, татвар, тээврийн зардлаа хэрхэн төлж байгаа вэ гэх мэт. Үүнээс гадна хэдэн төгрөгийн үйл ажиллагааны зардал төлдөг гэх мэт мэдээллээ ч төрд хянуулдаг. Тэгэхээр жижиглэнгийн үнэ тэр тусмаа АИ 92 шатахууны жижиглэнгийн үнийг төр бүрэн хяналттай худалдан авч байгаа.
Цар тахлын дараах эдийн засаг, ОХУ-Украины дайнтай холбоотойгоор зэх зээлийн үнэ хэлбэлзэж байна. Энэ хэлбэлзэл цаашид ч үргэлжилбэл ААН-үүдийн үйл ажиллагаа хүндэрч болзошгүй байгаа тул импортлогчид холбогдох яам, АМГТГ-руу тодорхой шаардлагуудыг хүргүүлж байгаа. Ингэхдээ зургаан сарын дунджаар үнийг тогтоох бодлого урт хугацаанд үргэлжилбэл ААН-үүд хүнд нөхцөлд орно гэдгийг мэдэгдсэн. Иймд бодит зах зээлийнхээ зарчмаар явахгүй бол энэ салбар тэр чигтээ хүндрэх магадлал байна. Тиймээс зургаан сарын дунджаар үнийг тогтоох бус зах зээлийнхээ зарчим руу бүрэн шилжье гэх байр суурьтай ААН-үүд бий.
-УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ-д айлчлал хийж байгаа юм байна. Уулзалтаас та бүхэн ямар хүлээлттэй байна?
-Сайд тодорхой асуудлуудаар тухайлсан уулзалтуудыг хийж байгаа байх. Тухайн уулзалтаас гарсан үр дүнгээс хамаарч бодлогыг тодорхойлж байгаа яам нь шатахуун импортлогч ААН-үүдтэй зөвшилцөж, үнийн зөвлөлөө дахин хуралдуулснаар тодорхой шийдэлд хүрэх байх гэсэн хүлээлттэй байна.
-Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад төр болон ААН-үүдийн зүгээс юунд анхаарах шаардлагатай гэж та харж байна вэ?
-ААН-үүдийн шатахуунаа худалдан авалт, татвар зэрэгт төр бүрэн хяналтаа тавьж байгаа. Уг нь ААН байгууллагууд бол ашгийн төлөө байдаг. Гэтэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орон ард иргэдийнхээ төлөө бүтэн жил гаруйн хугацаанд алдагдал хүлээгээд явсан. Цаашид ААН зэх зээлийн зарчимтайгаа нийцэх ёстой.
Нөгөө талаас Монгол Улс өөрийн гэсэн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байдаг. Түүнийг боловсруулах үйлдвэр барья гэдэг нь зөв хэмээн харж байгаа. Боловсруулах үйлдвэрийнхээ ажлыг эрчимжүүлж хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай. Мөн тухайн боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг хангахын тулд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй. Эрчимжүүлэхийн тулд төр өөрөө үнийг нэгдсэн удирдлагаар барьж чадаж байгаа шигээ орон нутгуудад газрын тосны хайгуулыг хийхэд нэгдсэн бодлого хэрэгжүүлмээр байна. Газрын тосны үйлдвэрийг барьж цаашид дотооддоо үйлдвэрлэх ёстой гэх бодлогоо тодорхойлчихсон байдаг. Гэтэл өнөөдрийн нөхцөлд орон нутгийн удирдлагууд нь төрөөсөө эсрэг байр суурьтай ард иргэдийнхээ талд ороод зогсож, хайгуулын ажлыг нь зогсоочихсон байгаа. Тухайлбал, Дорнод аймагт гацсан хайгуулын ажлууд их байна.
-ОХУ болон Украины дайнтай холбоотойгоор шатахуун татан авалтад учирсан хүндрэл бий юу. Магадгүй өнгөрсөн оных шиг хомстол үүсэх вий гэх болгоомжлол олон нийтийн дунд байгаа?
-Улсын хэмжээнд шатахууны хангалттай нөөцтэй байгаа. Бүх ААН-үүд мэдээллээ өгсөний дагуу салбар яамнаас болоод АМГТГ-аас мэдээллийг олон нийтэд хүргэсэн. ОХУ-ын "Роснефть" компанийн зүгээс хангамжийн хувьд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэж мэдээлж байгаа. Харин ОХУ төлбөр хүлээж авах тал дээр ямархуу байх талаар урт хугацаандаа яригдах байх гэж бодож байна. Магадгүй айлчлал хийж яваа сайд тодорхой хэмжээний шийдвэрүүдийг авч ирэх байх гэсэн хүлээлттэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.