Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж ЭМЯ-наас анхаарууллаа. Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Тус өвчний талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул "Менингококк халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Тус халдвараар өвдсөн болон хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс аль эсвэл нян тээгчид халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвддөг. Нууц хугацаа богинотой. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг.
Менингококкын халдвар авсан тохиолдолд өндөр халуурна. Цочмог шалтгаан тодорхойгүй халуурах, хоол унданд дургүйлхэх, дотор муухайрах, ядарч сульдах мөн түүнчлэн эмзэг мэдрэмтгий болох, арьс нь цонхийх зэрэг шинж тэмдэг давамгай илэрнэ. Ийнхүү 1-2 хоногийн дараагаас үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхэлж гарна.
Нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм. Иймд шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой.
Нэгэнт менингококкын халдвар авсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандана. Бүрэн эдгэрсний дараа эмчийн хяналт дор гаргана. Халдварын голомт гарсан тохиолдолд гэр бүлийнхнийг нь антибиотек эмчилгээгээр эмчлэх, вакцинжуулах ажлыг ХӨСҮТ хийдэг" гэлээ.