Хэлж сануулсаар байтал хаширдаггүй нэг тийм хэнэггүй гэмээр зан манайханд байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдээ ганцааранг нь гэрт нь түгжиж үлдээснээс бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэргүүд шил дараалан гарсан. Харин энэ мэт үйл явдалд бид сургамж авахаас илүүтэй шуугиад өнгөрөх аль эсвэл хэн нэгнийг буруутгахаас хэтрэхгүй байгаа нь тун ч харамсалтай.
Өөрсдийгөө бид ямар ч байдлаар өмөөрч болно. Гэхдээ өмөөрөхөд хүртэл учир бий. Хүүхэд харах хүнгүй, өгөх цэцэрлэг сургуульгүй аль эсвэл яаралтай ажил гарсан гэх аргаа барсан эцэг, эхчүүдийн цөхрөл дуусахгүй. Гэхдээ ямар ч яаралтай ажил үр хүүхдийн тань амь насны дайтай байх ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Нөгөөтээгүүр бүх л эцэг, эхчүүд үр хүүхдээ эрсдлээс хамгаалахыг хүсдэг. Гэтэл гэрт нь цоожилж, ганцааранг нь хараа хяналтгүй үлдээнэ гэдэг харин ч хүүхдээ бодит эрсдэл дунд үлдээгээд орхиж байгаагаас ялгаагүй зүйл. Энэ нөхцөл байдалд харамсалтайгаар амиа алдсан хэдхэн жишээг энд сануулъя. Дөнгөж өчигдөрхөн л гэхэд 10 сартай хүүхдээ паарнаас уяж орхисноос болж боомилогдож, гэмтлээ даахгүй нас барсан хэрэг гарчээ.
-2013.07.15-нд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаант гэх газар айлын гэр шатаж, гэртээ ганцаараа байсан гурван настай Ө шатаж амиа алдав
-2014.11.01-нд БЗД-ийн ...хорооны нутагт найман настай эрэгтэй М гэх хүүхэд таван ханатай гэртээ шатаж нас барав
-2015.05.12-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдав. Тухайн өдөр гэрийн эзэн А эхнэрийнхээ хамт түр гарахдаа зургаан настай охин, хоёр настай хүүгээ эгчийнхээ арван настай хүүгийн хамт гэртээ цоожилсон гэнэ. Тиймээс хаалга нь цоожтой, байшингийн бүх цонх хулгайчаас сэрэмжилж гаднаас нь төмрөөр торлочихсон байсан учир хүүхдүүд гарч чадаагүй.
-2022.02.17-нд сургуульд хүүхдээ хүргэж өгөх хугацаанд гурван настай хүүхдээ гэртээ үлдээснээс болж өндрөөс унаж, хүнд гэмтэв.
Эдгээр кейсүүд бол ердөө бидний ой тойнд байгаа хэдхэн тохиолдол. Бид бяцхан үрсээ цаг бусаар алдсаар байх уу. Иймд эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд тавих анхаарал халамжаа минут секунт бүрт тавих чухал байна. "Хэсэгхэн хугацаанд, ойрхон, удахгүй ээ" гэж хэлэх хариуцлага алдсан хэдхэн минутад тань үр хүүхдийн тань амь нас эрсдэл дунд байгааг санах басхүү сэрэмжлэх цаг болжээ.
Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
- Түлэгдэхээс сэргийлэх
- Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
- Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
- Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
- Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
- Зуухны тагийг заавал түгжиж байх,
- Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
- Тогонд цохиулахаас сэргийлэх
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
- Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
- Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах,
- Галын аюулаас сэргийлэх
- Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
- Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
- Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
- Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх хэрэгтэй.