Хаан банкны хариуцлагагүй байдлаас болж 6 жил цагдаа шүүхээр явсан иргэн Д.Ариунцэцэг эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэрбээр "Хэсэг бүлэг хүмүүс гадаад байгаа иргэний хадгаламжийг барьцаалан, хуурамч нотариат үйлдэн хаан банкнаас 63 сая төгрөгийн зээл авсан байна. Банкны зүгээс зээл олгохдоо хуурамч нотариатын бичгийг үндэслэн зээл олгосон. Хаан банкны хувьд иргэдэд зээл олгох дүрэм журам гэж байгаа. Энэ хүрээнд зээл олгохдоо нотариатын бичгийг шалгах шаардлагатай байтал Хаан банкны хуулийн төлөөлөгч нь "тус бичгийг улсын нотариат баталсан учир шалгах шаардлагагүй" гэж байна.
Тухайн хуурамчаар үйлдсэн нотариатын бичигт миний хадгаламжийн мөнгийг өөр хүнд шилжүүлэн, захиран зарцуулах тухай ямар ч агуулга байхгүй.
Миний баталгаат гарын үсэгтэй огт таарахгүй, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан байхад баталж зээл гаргасан.
Хаан банкнаас хэлэхдээ таны иргэний үнэмлэхний хугацаа дууссан эсэх нь хамаагүй, тухайн үнэмлэх таныг Монгол Улсын мөн эсэхийг батлахад л болно гэсэн. Гэтэл ердийн үед банкинд үйлчлүүлэхэд иргэний үнэмлэхний хугацаа дууссан байна гээд үйлчилдэггүй.
Өөрсдийн хариуцлагагүй байдлаас үүдэн хуурамч бичиг баримтаар зээл олгочхоод эргэн төлөлт нь хийгдээгүй учир миний хугацаатай хадгаламжаас дур мэдэн татан авалт хийсэн. Энэ үйлдэл нь хаан банк харилцагчаа дээрэмдэж байна гэсэн үг.
Хаан банкны энэ хариуцлагагүй үйлдлээс болж би зургаан жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдаж цагдаагийн байгууллагаар явсан. Гэмт халдлагад харилцагч биш хаан банк өртсөн тийм учраас шалгагдаж явах хүн нь би биш шүү дээ.
Мөн хохирол барагдуулсан гэх нэр зүүхийн тулд 63 сая төгрөгийг миний дансанд хүчээр хийсэн. Гэхдээ хүүг нь хийгээгүй" гэдгийг хэллээ.