Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлууд гарах бүрт Монголын эмэгтэйчүүдийн холбоо олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Тэгвэл МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй холбооны үйл ажиллагаа болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр “Улаан цэцэг” МУСК нээлтээ хийж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүгээс оролцсон уран бүтээл гэдгээрээ онцлог байх. Кино уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?
-Монгол эмэгтэйчүүдийн холбооны даргаар 25 жил, Ардын Их хурлын депутатаар 10 удаа сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” уран сайхны киног нээхэд бэлэн болоод байна. Нэгэн зууны турш Монголын өнөөдрийн нийгмийг бүтээлцэхэд эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адилаар сэтгэл зүрх, хүч чадал, хөдөлмөрлөсөн байдаг. Харамсалтай нь, эмэгтэйчүүдтэй холбоотой түүхүүд маш бага бичигдэн үлдсэн байдаг. Ардын хурлын депутатаар 10 удаа сонгогдон гэдэг бол өнгөрсөн 50-60 жилийн хугацаанд эмэгтэй байтугай эмэгтэй хүн ч сонгогдсон түүх байхгүй. Энэ утгаараа шийдвэр гаргах түвшинд ажиллаж амьдарч хөдөлмөрлөж явдаг эмэгтэйчүүдийн ар амьдралд ямар жаргал зовлон байдаг, тэд юугаа золиосолж нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөдөг, түүний цаана ямар амьдрал өрнөдөг вэ гэдгийг олон нийтэд харуулахыг хичээсэн. Хоёрдугаарт, С.Удвал гуай бол 60 жил Монголын төрийн төлөө зүтгэж явсан эмэгтэй. Бид түүхээ мартахгүй байх хэрэгтэй. Өнөө үеийн залууст тэр тусмаа охид эмэгтэйчүүд энэхүү түүхэн эмэгтэйн дүрийг таниулах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэхийг хичээлээ.
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр давхцаж таарлаа. Ер нь эмэгтэйчүүдийн эрх тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд оролцоо хэр хангагдаж чадаж байна вэ?
-Өнөөдрийн нөхцөлд Монгол Улсын парламентад 17 хувийн квоттой оролцож байна. Дэлхийн 180 гаруй улс оронд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс 120 дугаар байранд жагсаж байгаа. Үндсэндээ бид бараг л сүүл мушгиж байна гэж ойлгож болно. Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо 21 хувиас дээш байдаг бол манай улсад 17 хувьтай. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог эрчүүдтэй мөр зэрэгцэж албан тушаалын төлөө зүтгэх аль эсвэл дарга болох амбицтай эмэгтэйчүүд явж байна гэж харах нийтлэг хандлага ажиглагддаг. Эмэгтэй, эрэгтэй гэх хүмүүс хэдий адилхан хүн боловч байгалиас заяагдсан мөн чанарын хувьд давтагдашгүй талууд олон бий. Энэ утгаараа шийдвэр гаргах түвшинд оролцоход эмэгтэйчүүд илүү хүнлэг, хүмүүнлэг, зөөлөн ханддаг учраас эмэгтэйчүүдийн оролцоо байх шаардлагатай. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг 2040 он хүртэл дэвшүүлж ажиллаж байна. Үүнд НҮБ-ын бүх л улс орнууд нэгдсэн. Энэ утгаараа улс орон бүрийн Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьд хүргэхэд чиглэсэн олон талт бодлого арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьд хүргэж чадвал ажилгүйдэл, ядуурал, нийгмийн чанартай олон асуудлууд буурах юм. Авилгал хүртэл буурах боломжтой гэх судалгааг гаргасан байдаг. Монгол Улс Алсын хараа-2050 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Гэхдээ улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль гэх мэтээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоог илүү сайн нэмэгдүүлэхийн тулд ялангуяа эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал, чадамж нь асар том хөшүүрэг болж байдаг.
-Миний удирдаж буй МЭХ бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 27 мянган ТББ-ын нэг-
-Өнгөрсөн хугацаанд МЭХ олон нийтийн зүгээс нэлээдгүй шүүмжлэлийг хүртлээ. МАН-ын дэргэдэх ТББ шиг л болгосон гэх шүүмжлэлд ч өртсөн. Эдгээр шүүмжлэлд та төдийлөн байр сууриа илэрхийлж байгаагүй. Өөрийн тань хувьд 2018 онд ажлаа хүлээж авснаас хойш гурван жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд та өөртөө ямар үнэлгээ тавив?
-Сүүлийн үед энэ асуултыг хүмүүс их асууж байгаа. Нэгдүгээрт, Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллагыг нийгэм хүлээж авах байдал нь өөр байгаа юм. С.Удвал гуайтай их холбож ярьдаг л даа. Гэтэл нийгмийнх нь нөхцөл байдал өөр байсан. Хоёрдугаарт, С.Удвал гуайн удирдаж байсан үед энэ байгууллагын статус нь өөр байсан. 1992 оноос өмнөх МЭХ бол өнөөдрийн нийгэмтэй жишиж яривал яамны хэмжээнд байсан. Төрийн томоохон шийдвэр гаргадаг, бодлого боловсруулдаг байгууллага цаашилбал удирдлага нь шийдвэр гаргахад оролцдог субъект байсан. Үндсэндээ төрийн сайд, Их хурлын депутат хүн байсан. Өнөөдрийн миний удирдаж буй МЭХ бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 27 мянган ТББ-ын нэг. Төрийн бус байгууллага нь өөрөө хууль эрх зүйн хүрээнд ч хязгаарлагдмал эрхтэй. Бид бодлого боловсруулдаггүй, олон нийтийн хэлж заншсанаар ТББ шүгэл үлээх ёстой. Бид шүглээ үлээж байгаа.
-Тэгэхээр ТББ хэдий ч ажлаа сайн хийж байгаа гэж та дүгнэж байна уу?
-МЭХ үйл ажиллагаагаа сайн хийж байгаа гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл МЭХ төрөөс санхүүждэггүй. Төрөөс нэг төгрөг ч аваагүй. Энэ бол сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллага. Гэтэл сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллагыг төрийн байгууллагатай харьцуулж, түүний хүлээх үүргийг бидэнд шахаж байдаг зүйл байдаг. Тэглээ гээд бид ухрахгүй. Бидний үүрэг биш гээд зогсохгүй.
-Нэгэнт өртчихсөн хүний асуудлыг бид шийдэх боломжгүй-
-Таны хувьд хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж чадна гэж сонгогдсон. Энэ чиглэлд эмэгтэйчүүдийн холбоо ямар ажил хийсэн бэ?
-Шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2019 онд “Бүжингийн чимээгүй хашгираан” нэртэй охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн асуудалд нийгэмд маш хүчтэй гаргаж тавьсан. Өнгөрсөн хавар яригдсан ажлын байрны бэлгийн дарамтыг эрүүгийн хуульд буцаан оруулах асуудал хүртэл манайхаас гараад явж гурав дахь жил рүүгээ орж байна. Ер нь хууль нэг яригдаад нэг шүгэл үлээгээд л батлагдчихдаг зүйл биш гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ирэх хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулахаар болсон талаар нэг сарын өмнө ХЗДХ-ын сайд, ТНБД нартай уулзахдаа мэдээлэл авсан.
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон нь сайшаалтай. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийн гаралт улам л нэмэгдэх хандлагатай болсон байна. Хүчирхийллийн асуудлын дараа ч эмэгтэйчүүдийн холбоо хаана байна гэх өнцгийг олон нийт гаргаж тавьдаг?
-Монгол Улсын авч хэрэгжүүлж буй ихэнх арга хэмжээ таслан сэргийлэх арга хэмжээ байгаа юм. Гэтэл бид хөгжмөөр байгаа бол, хөгжил цэцэглэлтээ ойроос харья гэвэл бид урьдчилан сэргийлж сурмаар байгаа юм. Энэ нь илүү соён гэгээрүүлэх, боловсролын тал дээр нэмэлт өөрчлөлт оруулах, боловсролын бодлогыг илүү сайжруулах зэрэг олон асуудлууд байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр нэг эмэгтэй хохироод хүчирхийлэлд өртчихлөө гэж бодоход өртсөний дараа МЭХ хаана байна вэ гэж асуудаг. Ний нуугүй хэлэхэд, нэгэнт өртчихсөн хүний асуудлыг бид шийдэх боломжгүй. Яагаад гэвэл түүнийг шийддэг байгууллага нь Монголд байгаа. Жишээ нь таслан сэргийлэх үйл ажиллагаагаар цагдаа, хууль хяналтын байгууллага нь байна. Бид төрийн бус байгууллага ямар ч эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй.
Эцсийн дүндээ гэхэд хэн нэгэн хүний гэм буруутайг тогтоодог Монголд байгаа цор ганц байгууллага бол шүүх. Тэнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн ч бай нөлөөлөх боломжгүй. Нийгэмд нийтлэг хандлага бий. Нэг эмэгтэй хүчирхийлэлд өртлөө гэхэд эмэгтэйчүүдийн холбоо хаана байна гэдэг. Гэтэл бид зарим нэг зүйлийг үнэ ярьж байна уу, худлаа ярьж байна уу үндэслэл, баталгаатай юу гэдгийг мэдэх боломжгүй.
Хоёрдугаарт, мэдлээ гээд бид яг ямар арга хэмжээ авч чадах юм бэ. Төрийн бус байгууллага гэдэг талыг ч ойлгох хэрэгтэй. Хатуугаар хэлэхэд, МЭХ-г ядарсан, зовсон нэгний зовлонг зоолдог байгууллага байхыг хүсэж байгаа олон хүн байгаа. Бид хэн нэгэн хүний зовлон дээр зоолохгүй. Туслах үедээ туслаад явдаг. Чимээгүйгээр маш олон эмэгтэйчүүдэд бид тусалж байгаа. Ил л болгодоггүй.
Миний хувьд 2018 оны 11 дүгээр сард ажлаа хүлээж авсан. 2019 онд 21 аймгийг хоёр удаа тойрсон. 2020 оноос эхлэн цар тахал гарсан. Одоогийн нөхцөлд бид олон нийтийн ажлуудаа хийж эхэлж байна. МЭХ илүү соён гэгээрүүлэх чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн 2021 онд л гэхэд эхний таван сард цар тахлын хатуу хөл хорионд байсан. Тэгэхэд 22 удаагийн лекц сургалтыг цахимаар зохион байгуулсан байдаг. Жишээ нь, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг цахим сургалтыг 700 эмэгтэйд хийсэн.
-Хавдаргүй Монгол эмэгтэйчүүдийн төслийг эхлүүлж байгаа"
-Тэгвэл өнөөдрийн нөхцөлд танай холбоо ямар ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
-Өнөөдөр гэхэд л би эмэгтэйчүүдийн хорих анги дээр ажиллаад ирлээ. Хорих ангиудад умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн оношлогоог хийж байна. Үдээс хойш очиход 50 гаруй эмэгтэйд хавдрын эрт илрүүгийн оношлогоог хийсэн байсан. 180-200 орчим эмэгтэйг анхан шатны урьдчилсан үзлэгт хамруулчихаж байгаа юм. МЭХ 2022 онд хавдаргүй Монгол төслийг эхлүүлж байгаа. Энэ нь нийгмийн зорилтот төсөл. Бид 2019 онд хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо гэж асуудал дэвшүүлсэн. 2020 онд Архины эсрэг, 2021 онд Хаалга акцыг төв талбай дээр хийж байсан. Энэ бол зургаан аймагт хийгдсэн. Хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийлэл бол гэмт хэрэг юм гэдгийг олон нийтэд ойлгуулах нөгө талдаа гэр бүлийн хуулийг батлуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зөрчлийн тухай хуульд нэмэлть өөрчлөлт оруулах саналууд явж байгаа. Эдгээр хуулиуд бүгд хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Түүний дараагаар 2022 оныг бид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт сэдэв рүү чиглүүлж байгаа. Өнөөдөр Монгол эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар Ази, Номхон далайн бүс нутагт нэгээр бичигдэж байна. Хамгийн харамсалтай нь, хорт хавдрын 67 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдддог. Гэтэл хөдөө орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд энэ төрлийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах бүрэн эрхтэй гэдэг. Гэтэл эрхээ эдлэх гэхээр боломж бололцоо байдаггүй. Энэ утгаараа МЭХ-ноос хавдаргүй Монгол эмэгтэйчүүдийн төслийг эхлүүлж, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдрын эрт илрүүлэг оношлогоо хийх эрүүл мэндийн боловсрол олгох явуулын эмнэлэг байгуулах гэж байна. Үндсэндээ тэд ирэх биш бид очно. Явуулын эмнэлэг удахгүй хөдөөд явж эхэлнэ.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын нэг нь л эмэгтэйчүүдийн холбоо гэж та ярилаа. Магадгүй хүүхэд, эмэгтэйчүүд гэдэг сегмент хамаарах тул нийгэмд чухалд тооцогдож байгаа хэрэг. Шийдвэр гаргах түвшинд ч “хүчгүй” гэж хэллээ. Тэгвэл МЭХ-д ямар “хүч” хэрэгтэй байгаа юм бэ?
-Бид өөрсдийнхөө байгаа бүхий л хүч бололцоогоороо ажиллаж байгаа. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол ТББ. Өнөөдөр манай 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар бүгд цалингүй. МЭХ-ын ажлын алба дөрвөн хүнтэй. Бид дөрвөн хүнийхээ цалинг хүртэл яаж олгох вэ гэдэг их том асуудал байдаг. Магадгүй хүмүүс гоншигносон юм бэ гэж харж магадгүй. Гэхдээ ТББ-ын бүх л зовлон энэ дээр байдаг. Хүн цалинжуулж ажиллуулахгүй хэр тэр хүнийг яаж шахаж, яаж шаардах юм. Гэхдээ манай МЭХ-ны салбар зөвлөлүүд маш сайн ажилладаг. Хуулиар хүлээгдсэн хамгийн боломжтой нийгэмд хийж чадах бүхий зүйл бол соён гэгээрүүлэх ажил. Нөгөө талдаа бид УИХ дахь эмэгтэй гишүүдээс гадна эрэгтэй гишүүдтэй ч хамтарч ажиллах ёстой.
-БНСУ-д үе тэнгийнхний хүчирхийлэлд өртсөн охины асуудал дээр өөрийн тань цахим сүлжээгээрээ дамжуулан илэрхийлсэн байр суурь олон нийтийн анхааралд өртөж, багагүй шүүмжлэлийг хүртсэн. Тухайн үед МЭХ хангалттай ажиллаж чадсан уу?
-Хүн бүрийн ажлаа хийдэг арга барил өөр л дөө. Зарим хүмүүс уусан, идсэн, алхаж гишгэснээ хүртэл нийгмийн сүлжээнд тавьдаг. Тухайн үед 13 настай охин хүчирхийлэлд өртсөн асуудал гарангуут манайхаас БНСУ-д суух Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлсэн байсан. Энэ шаардлагыг би олон нийтийн сүлжээнд тавиагүй. Гэхдээ нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Жишээлбэл, Оюунгэрэл гэх пейж бол миний хувийн орон зай. Энд би МЭХ-ны албан ёсны мэдээллийг мэдээлэх үүрэггүй бас мэдээлэхгүй. Албан ёсны пейж байгаа. Гэтэл нийгмийн хандлага бол хувийн пейж дээр гарсан мэдээлэл бол албан ёсны байр суурь гэх тулган шаардалт байдаг. Үүнийг тулган шаардалт гэж ойлгодог. Хувь хувьсгалаар нь ялгаж сурах хэрэгтэй. Бидний хийж чадах зүйл ердөө л энэ. Хил давж явж чадахгүй, өөр улсын нутаг дэвсгэр дээр болсон асуудал учраас тухайн улсын хуулиар шийдэгдэнэ. БНСУ-руу шаардлага явуулсны дараа Элчин сайдын яамнаас хариу ирсэн. Бид ялангуяа бичиг цаастай холбоотой ажлаа нийгмийн сүлжээнд тавьдаггүй. Өмнө нь Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал яригдахад УИХ-ын Ес зүйн байнгын хороонд гомдол гаргаж байсан. УИХ-ын дарга, ХЭҮК зэрэг бүх түвшинд бичиг явуулсан.
-Би МАН-ын гишүүн. Үүнийгээ хаана ч нуухгүй-
-Таны хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшсэн. Таныг МЭХ-ны байгууллагыг удирдсанаас хойш дорвитой ажил хийгээгүй мөртлөө энэ холбоог улс төрд гарах гүүр болголоо хэмээх хардлага их байсан. Улс төрд орох шалтгаан юу байсан юм бэ?
-МЭХ 98 жилийн түүхтэй Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага. Надаас өмнө МЭХ найман даргатай байсан. Үүний 7 нь УИх-ын гишүүн байсан. Найм дахь дарга маань гурван удаа нэр дэвшээд гарч чадаагүй. МЭХ-ны нэг стратегийн нэг чухал зорилго байдаг. Энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, туслах. Хүмүүс Ц.Оюунгэрэл болохоор болохгүй гэж ярьдаг. Би МАН-ын гишүүн. Үүнийгээ хаана ч нуухгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрх эрх чөлөөгөө би эдэлж байгаа. Үүний минь төлөө намайг ялгаварлан гадуурхахгүй байх. Ц.Оюунгэрэл бол болохгүй, бусад нь болно гэх үзэл хандлага яваад байх шиг байна. Зуугаад жилийн түүхтэй байгууллагын үе үеийн удирдлагууд төрийн шийдвэр гаргах түвшинд оролцож, охид эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө төрийн бодлогод оруулах шийдвэр гаргахад өөрсдөө гол дуу хоолой нь болж явсан түүхтэй. МЭХ-ны уламжлал, стратегийн зорилгоо бодсон ч би сонгуульд нэр дэвшсэн. МЭХ өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэг байдлаар улс төрийн намын үйл ажиллагаа хийгээгүй. Цаашид ч хийхгүй. Харин өөрийнхөө Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө би эдэлж байгаа.
-Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал их хөндөгдөх болсон. Энэ асуудлыг ярихын тулд гэр бүл салалтын асуудлыг ч дурдах хэрэгтэй болно. Нийгмийн үндэс өөрөө гэр бүл байдаг. Тэгвэл энэ асуудалд илүү сууриас нь хандая гэвэл юунд анхаарах шаардлагатай гэж та харж байна вэ?
-2019 онд бид ШШГГ-тай хамтарч, хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа аав, ээжүүдийн нэрсийг зарлаж байсан. Монгол Улсад 70 гаруй мянган өрх толгойлсон ээж, 16 мянга гаруй өрх толгойлсон аав байна. Түүний цаана 30 мянга гаруй насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудал яригдана. Гэр бүлийн салалт жил ирэх тусам 10-20 хувиар нэмэгдэж байгаа. Энэ бол зөвхөн статистик. Үүний цаана салсан хирнээ бүртгэлгүй байгаа маш олон гэр бүл бий. Гэр бүл салалтын суурь шалтгаан нэг өдрөөр эхлээгүй. Энэ бол социализмаас ардчилал руу шилжсэн шилжилтийн үе түүний нөлөөлөл, боловсролын ялгаа, өнөөдрийн нийгмийн хандлага харилцааны асуудал гэх мэт олон хүчин зүйл бий. 1990 онд шилжилтийн үед Монголын 140 мянга гаруй хөвгүүд сургуулиас завсардсан. Энэ үед Монголчууд охидуудаа л өндөр боловсролтой болгоно гэдэг байдлаар хөвгүүдийнхээ боловсролыг хойш нь чангаасан. Энэ байдлаас үүдэн эрэгтэй, эмэгтэй хүний боловсрол, соёл, нийгмийн ялгаанаас үүдэлтэй олон зөрчлүүд бий болсон. Хоёрдугаарт, гэр бүлийн боловсрол олгох сургалтын тогтолцоо манайд байдаггүй. 2019 онд БШУ-ны сайд Ё.Баатарбилэгтэй уулзаж сургалтын саналыг хүртэл гаргаж байсан. Энэ байдлаараа бид өнөөдрийг хүртэл яриад явж байгаа. Манай улс 1996 онд баталсан гэр бүлийн тухай хуультайгаа байгаа. Энэ хууль таван парламент дамжин явж байгаа. Хэзээ ч батлагдаагүй. Бидний харилцаа, нийгмийн хандлага, соёл зэрэг маш олон зүйл өөрчлөгдсөн байхад бид өмнөх хуультайгаа л байна шүү дээ. Гэтэл гэр бүлийн хууль бол нийгмийн хамгийн том суурь болох хууль. Байшингаар бол манай хундаам. Бид хундаамынхаа асуудлыг шийдээгүй байж бусад асуудлаа шийднэ гэж байхгүй. Тиймээс бид ямар ч байсан суурь хуулиа батлуулах, гэр бүлийн боловсрол олгох зэргийг ярихад дунд нь маш олон агуулгууд яригдана.
-Ярилцсанд баярлалаа.