Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа.
-Удахгүй “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болох гэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ ?
-Цагдаагийн байгууллагаас 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу хамгааллын үйлчилгээ үзүүлэх, тэдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон тэдний эцэг, эх асран хамгаалагч, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг нэг бүрчилсэн хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна.
Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өмнөх онуудад цагдаагийн байгууллагаас “Хайрла хамгаал”, “Unfriend”, “1 хором” “Эерэг болгоё”,”Хайр өвтгөдөггүй”, “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” зэрэг 15 соён гэгээрүүлэх арга хэмжээг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хийж, нийгмийг соён гэгээрүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хэрэгцээт мэдээллийг эерэг сайхан байдлаар хүргэж иргэдийн ухамсар, соёлыг төлөвшүүлж, хүчирхийлэл болон гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажилласан.
Энэ онд цагдаагийн алба хаагчийг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл дээр очиж ажиллах, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэхэд хууль хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах сургалтыг олноор зохион байгуулж хамруулах чиглэлээр түлхүү ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд богино зурвас /SMS/-аар яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах программыг боловсруулж, Улаанбаатар хотод оршин суудаг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэний утасны дугаарыг яаралтай тусламжийн програм хангамжийн өгөгдлийн санд холбон үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байгаа.
Утсаар ярих боломжгүй нөхцөл байдалд орсон /гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, дээрэмдүүлсэн, барьцаалуулсан, гэмт этгээд дэргэд нь байгаа гэх мэт/ иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг мессежээр хүлээн авах боломжтой. Монгол Улсын бүх иргэнээс богино зурвасаар дуудлага хүлээн авах нөхцлийг бүрдүүлснээр дээрх иргэдэд тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм.
Цагдаагийн байгууллага өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна. Энэхүү “3 үгт хаяг”-ийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж байна. Тухайлбал: өнгөрсөн онд Богд ууланд төөрсөн 3 хүний талаар дуудлага ирсэн. Дээрх төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, “Нүхт”-ийн ам руу буулгасан. Цагдаагийн байгууллагын “102” тусгай дугаарын утсанд “Шарга морьтоос хойшоо нэлээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна. Би маш их айж байна.
Зуслангийн байшингуудын дунд, харанхуйд байршлаа мэдэхгүй байна. Утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай...” гэх дуудлагыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар байршлыг тодорхойлж, олж очин, тусламж үзүүлж, үйлдлийг таслан зогсоосон. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. “3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, шинэлэг хаягжилтын технологи юм. “3 үгт хаяг”-ийн “what3words” программыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтой.
Цагдаагийн байгууллага familycenter.mn, www.e-khutuch.mn, цахим хуудасны чатпот-оор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Иргэддээ хандаж хэлэхэд дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасны дагуу 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл хүлээсэн этгээдүүд “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамрагддаг, энэ сургалтын чанарыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч бүрийг 1 бүрчилсэн урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажилд хамруулах чиглэлээр мөн төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэдийн нууцлалыг хэрхэн хамгаалах талаар иргэдээс нэлээд мэдээлэл ирдэг, энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Хөршүүдээс мэдээлэл их ирдэг болсноор энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжтой болсон. Зарим тохиолдолд хөрш нь намайг мэдээлэл өгснийг мэдчихвэл яах юм бэ, мэдчихээд миний аюулгүй байдал алдагдвал яах вэ гэж их асуудаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг нууцлах чиглэлээр хуулийн байгууллага үүрэг хүлээдэг. Өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг ноцтой зөрчих зөрчлийг шалгасан алба хаагч хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээд, түүний өмгөөлөгчид танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийн биеийн байцаалт хэсгийг танилцуулахгүй байж болох заалтыг оруулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг бүрэн хангадаг болсноор цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх нь нэмэгдсэн. Мөн иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн, хүчирхийллийг үл тэвчих хандлага бий болж, гэр бүлийн хүчирхийлэл нь надад хамаагүй асуудал гэж үзэхээ болж байгаа. Энэ талаар болон хүний эрхийг хамаалж ажиллах чиглэлээр цагдаагийн алба хаагч нар цуврал сургалтад хамрагдаж байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг эмэгтэйчүүд, хүчирхийлэгчийг эрэгтэйчүүд гэж байдаг гэсэн ойлголт нийгэмд байх шиг, та үүнтэй санал нийлж байна уу?
-Гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн эмэгтэй хүн хохирч, эрэгтэй хүн хүчирхийлэл үйлдээд байдаг ойлгож болохгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт 88 орчим хувь нь эмэгтэй, 10 орчим хувь нь хүүхэд, 2 хувь нь эрэгтэй хүн хохирсон байдаг. Тиймээс хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртдөг биш, хэнч хүчирхийлэлд өртөх боломжтой гэдгийг хүмүүсд ойлгуулах нь чухал байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан юу вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын "эрх мэдлийн тэнцэргүй байдал" байдаг. Согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш юм.
-Хүүхэд хамгаалал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд ямар зөвлөгөөг та өгөх вэ?
-МУҮХ-ийн 17 дугаар зүйлд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна”, Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн 11 үүргийг мөн хуульчлан зааж өгсөн байдаг учир аав ээж, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарыг үүргээ сайн биелүүлж, үр хүүхдээ хайраар бүү дутаагаасай гэж хүсэж байна.
Цагдаагийн байгууллага нийгэмрүү чиглэсэн соён гэгээрүүлэх, ухамсар соёлыг төлөвшүүлэх эерэг, сайхан мэдээлэл бүхий арга хэмжээнүүдийг соёл урлаг, эрүүл мэндийн, боловсролын болон прокурорын зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй технологийн шинэчлэлтийг иргэд маань ашиглаасай, хүчирхийллийг үл тэвчигч байж, хүчирхийллийг цагдаагийн байгууллагад даруй мэдэгддэг байгаасай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.