Төрсөн эцэг нь 12 настай охиноо хүчирхийлж жирэмсэн болгосон хэргийг эсэргүүцсэн иргэд маргааш /2022.03.08/ Сүхбаатарын талбайд жагсахаар болсон. Тус жагсаалын талаар иргэн Д.Мягмардоржтой холбогдож, тодруулга мэдээллийг авлаа.
-Маргааш зохион байгуулах гэж байгаа жагсаалын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Үүнийг жагсаал гэхээсээ илүүтэй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа явдал хэмээн харж болно. 12-хон настай охин төрсөн эцэгтээ хүчиндүүлж жирэмсэн болсон хэрэг гарчээ. Үнэхээр жигшмээр асуудал. Иймд бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй хэргийг эсэргүүцэж, таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэх жагсаал хэмээн ойлгож болно. Маргааш 11.00-19.00 цаг хүртэл төв талбайд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ. 2002 оны Эрүүгийн хуульд 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ялын санкци нь зөөлөн болсон. Үүнийг өөрчилмөөр байна. Энэ төрлийн гэмт хэргийн ялын заалтыг бодлогын түвшинд хүндрүүлэн авч үзэх шаардлагатай.
-12 настай охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх гэмт хэргийн мэдээллийг та яриандаа дурдлаа. Тухайн хэргийн талаар мэдээлэл өгч болох уу?
-Өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн хэрэг. Төрсөн эцэг нь ээжийг нь ажилд явсан хойгуур 12 настай долдугаар ангийн сурагч охиноо хүчирхийлж, жирэмсэн болгосон байна. Жигшүүртэй хэрэг. Одоогоор тус хэрэг нь шалгагдаж байгаа гэсэн үг.
-Тус асуудалтай холбоотойгоор өөр хэлэх зүйл бий юу?
-Охин үрээ хайрлая. Цэцэг цэврүү шиг сайхан охидоо хайрлаж хамгаалъя. Төрсөн гэртээ хүчирхийлэлд өртөнө гэдэг бол нийгмийн гаж үзэгдэл. Зарим улсад эцэг, эх , багш сурган хүмүүжүүлэгчид нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялыг нь улам хүндрүүлдэг. Хүчингийн гэмт хэрэгт холбогдсон хохирогч охид зарим нь ядуу зүдүү байдлаасаа болж гомдол мэдээлэл гаргаж хөөцөлдөж чадахгүй байна. Хамгийн аюултай нь гэмт хэрэг нь нууц хэлбэрт байдаг. Хохирогчид нь ч, гэмт хэрэгтэн нь ч тэр нуудаг учраас далд болоод байна. Тиймээс үүнд онцгой анхаармаар байна.