Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай орон сууцны үнийн өсөлтийн талаар ярилцлаа.
-Цар тахлаас шалтгаалсан үнийн өсөлтийн асуудал хүн бүрийн толгой өвтгөх асуудал болчихоод байна. Тухайлбал, орон сууцны үнэ. Зарим эдийн засагчид үүнийг зах зээлийн зарчмаараа нэмэгдэж буй хэрэг хэмээн харж байна. Таны хувьд орон сууцны үнэ өсөж байгаа цаад шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Орон сууцны үнэ өсөж байгаа шалтгаан нь эрэлт мөн барилгын материалын үнэ. Байр худалдаж авах сонирхолтой байгаа хүмүүсийн эрэлт нь баригдаж байгаа барилгануудаасаа илүү байгаа. Харамсалтай нь, ихэнх хүмүүсийн худалдаж авах боломжтой байр хангалттай хэмжээнд баригдахгүй байна. Нөгөө талаасаа барилга барихад шаардлагатай барилгын материалын ихэнх нь гаднаас орж ирдэг. Орон сууцны үнэ тогтоохдоо бас "луйвар" болдог гэж боддог.
-"Луйвар" гэдэг нь?
-Тухайлбал, үнэ тогтооход орчин, дэд бүтэц нөлөөлөх ёстой шүү дээ. Орчин, дэд бүтэц гэдэгт машин тавих талбай, тоглоомын талбай, нийтийн унаа явдаг, сургууль, цэцэрлэг ойрхон гэх мэт шаардлагууд багтаж болно. Харин манайд вакум цонх гэх мэт өөрсдөө хийж болох зүйлсээр рекламддаг шүү дээ.
-Тэгвэл иргэдийн амжиргааны түвшин, цалин, орлого зэргийг харвал төрийн бодлого үүнтэй хэрхэн уялдах ёстой юм бэ?
-Монгол Улсад өрхийн орлого тооцдог болох хэрэгтэй байна. Өнөөдөр зөвхөн хувь хүний орлого тооцож байгаа. Хоёр өрх аваад үзье. Ээж, аав хоёр нь адилхан орлоготой. Гэхдээ нэг айл нь хоёр хүүхэдтэй, нөгөөх нь дөрвөн хүүхэдтэй. Улсад төлж байгаа татвар хүн амын орлогын албан татвар болон НДД яг адилхан. Гэхдээ дөрвөн хүүхэдтэй айлын ачаалал хамаагүй өндөр байдаг. Хүүхдийн мөнгө авч байгаа ч гэсэн. Тэгэхээр олон хүүхэдтэй айлын ээжийнх нь ч юм уу НДД хүүхдийн тоогоор нь шатлалтай багаар төлөхөөр хуулинд тусгаж өгөх хэрэгтэй. Гэхдээ тэтгэвэрт гарсан тохиолдолд адилхан хувь хэмжээгээр авдаг болгох ёстой. Ингэснээр тухайн өрхийн орлого ч илүү байна. Мөн олон хүүхэд гарснаар хүн амын өсөлтөд ч илүү эерэгээр нөлөөлнө.
-Дан ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудлыг ярилцсаар ирсэн. Гэвч бодит байдал дээр ипотекийн зээлийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, урьдчилгаагаа бүрдүүлж чадахгүй ч иргэд олон байна шүү дээ. Нөгөө талдаа нийгэмд нийлүүлэлт нь их байна. Үнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Байр авахад иргэдэд хамгийн том асуудал бол урьдчилгаа төлбөр нь байдаг. Байр авахад ихэнхдээ 30 хувийн урьдчилгаа төлөх шаардлагатай болдог. Тэгэхээр ипотекийн зээлээс гадна урьдчилгаа төлбөрийг нь буулгах, бүр үгүй хийх шаардлагатай байгаа.
-Цаашид орон сууцны үнэ нэмэгдэнэ гэж та харж байна уу?
-Мэдээж. Орон сууцны үнэ цаашид ч өснө гэж бодож байгаа.
-Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2022 оны зургадугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь иргэдэд ирэх зээлийн дарамтаас чөлөөлж буй хэрэг гэж харж болох ч нөгөөтээгүүр дараа дараагийн зээлдэгчдэд зээл гарахгүй байх нөхцөл бүрдэж басхүү зээл хойшлох сургаар үнэд нөлөөллөө гэж харах хүмүүс их байна?
-Эргэн төлөлт хойшлогдсоноор мөнгөний эргэлт удаашрах эрсдэлтэй. Мэдээж хангалттай хэмжээний мөнгө эргэлтэнд байж л зээл гарна. Тэгэхээр хангалттай мөнгөний хэмжээ байхгүй бол зээл гарахгүй буюу удаашралтай байх бөгөөд дараагийн зээлдэгчдээ л хэцүү байх болно.
-Орон сууцны үнийн өсөлтийг барилгын материалын үнэтэй холбон тайлбарлах нь бий. Гэтэл дотоод нөөц хүчээ харвал зарим нэр төрлийн барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэж байна. Гэтэл бодит байдал бахь байдгаараа?
-Үйлдвэрлэл явуулахад эрчим хүч, түлш зайлшгүй шаардлагатай байдаг. Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, материал нь бүгд дотоодоосоо худалдаж авч байгаа гээд авч үзэх юм бол эрчим хүч, түлшээ гаднаас худалдаж авч байна. Монгол улсын хувьд эрчим хүч, түлшээ гадаадаас худалдаж авч байгаа болохоор энэ нь үнэд шууд нөлөөлж байгаа хэрэг юм.
-Олон улсад орон сууцны үнийг тогтвортой барих тал дээр ямар шийдлийг барьдаг юм бэ?
-Олон улсын түвшинд ер нь орон сууцны үнэ өссөн хэвээр байна. Орлого багатай иргэддээ зориулж бага өртөгтэй орон сууц барьдаг улс орнууд бий. Монгол Улсын хувьд бага өртөгтэй улсын орон сууц барьж, тодорхой хугацаагаар иргэдэд хямдаар түрээсэлж амьдруулаад урьдчилгаа төлбөр хуримтлуулах талаас нь дэмждэг байж болно. Бизнес инкубатор төв гэж байдаг шиг орон сууцны инкубатор төв гэж байж болно. Гэхдээ үүнийгээ хатуу гэрээ хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш арын хаалгаар бусдадаа боломж олгохгүй байнга тэнд амьдраад байж бас болохгүй. Өндөр настан эсвэл ганц бие ээжүүдэд зориулсан бас ийм улсын байр, орон сууц байж болно шүү дээ. Монгол Улсын хувьд барилга байгууламж барих дэд бүтэц буюу цахилгаан эрчим хүчний сүлжээгээ өргөжүүлэх хэрэгтэй.
-Ярилцлагын төгсгөлд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан асуулгүй өнгөрөөж болохгүй нэг асуулт байна. ОХУ-Украины дайны асуудал манай улсын эдийн засагт том зургаараа хэрхэн нөлөөлөх бол?
-Мэдээж шатахуун, эрчим хүчний үнэд нөлөөлнө. Нөгөө талаасаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буюу инфляци өсөхөд нөлөө үзүүлнэ. Герман, Итали, Франц, Түрк гм олон орнуудаас ОХУ-аар транзит тээврээр дамжиж бараа бүтээгдэхүүн авдаг. БНХАУ хилээ хаасантай холбоотой ихэнх бүтээгдэхүүн ОХУ-аар дамжиж орж ирэх болсон. Тэгэхээр дайн гарсантай холбоотой тээврийн компаниуд илүү эрсдэлтэй гэж үзээд тээврийн үнээ нэмнэ мөн түүнчлэн хомсдолд орох ч магадлалтай.