Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Ковид, томуу хоёр ижил шинж тэмдэгтэй байгаагаас болж, ХҮҮХДИЙН өвчлөл хүндэрч байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
5 минут 18 секунд

Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийн коронавирусийн халдвар болон томуу томуу төст өвчнөөр өвдөх тохиолдол эрс нэмэгдсэн.

Томуу томуу төст өвчин, коронавирусийн халдвар хавсрах тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд хүүхдүүдэд ихэвчлэн халуурах, суулгах, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Үүнийг ковид эсвэл томуугийн гаралтай вирус гэж ялгахын тулд заавал коронавирусийн шинжилгээ өгөх шаардлага гарч байгаа талаар эмнэлгийн ажилтнууд хэллээ.

Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд илэрч буй ерөнхий шинж тэмдэг нь том хүний коронавирусийн шинж тэмдэгтэй төстэй.

БЗД-ийн 15 дугаар хорооны "Цэдэн-Эрдэнэ" өрхийн эмнэлгийн Их эмч Б.Мөнхзул “Манай өрхийн эмнэлгийн хувьд хүн ам харьцангуй цөөн. Гурван эмч үзлэг хийдэг. Нэг эмчид үйлчлүүлж буй хүүхдийн тоо өдөрт 3-4 байна. Энэ нь өмнөх үеэс өссөн үзүүлэлт. Нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 10-н хүртэл нийт өвдсөн 500 гаруй хүний 90 орчим нь хүүхэд байсан. Эмнэлгээр үйлчлүүлэх хүүхдийн тоо харьцангуй цөөн байсан.

Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд илэрч буй ерөнхий шинж тэмдэг нь том хүний коронавирусийн шинж тэмдэгтэй төстэй. Эмнэлэгт үзүүлж буй хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл 2-5 насныхан ихэнх хувийг нь эзэлж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ биеийг сайтар ажиглаж, хүндрэхээс нь өмнө эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй учир нь томуу томуу төст өвчин нь хүндэрвэл уушгины хатгалгаа болох магадлалтай байдаг. Одоогийн байдлаар томуу томуу төст өвчин болон коронавирус аль аль нь түгээмэл байгаа учраас эрт эмчлэх хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.

БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн Т.Гулмират “Манай хүүхдийн хувьд бага зэрэг нус нь гоожоод халуурсан шинж тэмдэгтэй байна. Ер нь эмнэлэгт үзүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь адилхан шалтгаантай байх шиг байна. Саяхнаас цэцэрлэгтээ явж эхэлсэн. Түүнээс хойш ангийнх нь хүүхдүүд ханиалгаад халуураад байсан. Хүүхдүүдийн дунд ханиад томуу элбэг ажиглагдаж байна. Эмчид үзүүлэхэд вирусийн гаралтай ханиад гээд гэрээр эмчилгээ бичиж өгсөн. Коронавирус байх магадлалтай учраас эртхэн эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх гэж бодоод ирсэн” гэлээ.

Эцэг эхчүүд ковид, томуу гэдгийг нь мэдэхгүй байгаа учраас эмнэлэгт ирж эмчид үзүүлэхийг урьтал болгож байна

БЗД-ийн 25 дугаар хорооны “Энх-Агшин” өрхийн эмнэлгийн дүн бүртгэлийн мэргэжилтэн Д.Олзбат “Хүүхдүүдийн томуу болон томуу төст өвчний өвчлөл өмнөх үеэс харьцангуй өссөн. Коронавирусийн халдвар, томуу томуу төст өвчин хавсрах тохиолдол ч байна. Манай эмнэлгийн хувьд өдрийн нийт үзлэг 310-320 байдаг. Үүний 60 гаруй хувь хүүхдүүд байна. Ойрын үед цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбогдуулан эмнэлгээр үйлчлүүлэх хүүхдүүд эрс нэмэгдэж байна.

Ихэнх хүүхдүүд халуурах, бөөлжих, ханиалгах шинж тэмдэгтэй байна. Эцэг эхчүүд ковид, томуу гэдгийг нь мэдэхгүй байгаа учраас эмнэлэгт ирж эмчид үзүүлэхийг урьтал болгож байна” гэв.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд Амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу төст өвчин 10000 хүн амд 43.9 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 16 хүртэлх насны 2351 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 1007 нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн шалтгаантай байна. Мөн улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр “Идэвхжлийн түвшин”-д байгаа юм.

Харин томуу томуу төст өвчнийг бүс нутгаар авч үзвэл идэвхжлийн түвшний есөн аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшний зургаан аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд таван аймаг тус тус байгаа талаарх мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн тасгаас өглөө.

Томуугийн гаралтай вирусээр өвчилж өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн тоо өмнөх сарын мөн үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар эмнэлгт хэвтэх заалттай хүүхдүүдийн тоо харьцангуй бага байгаа юм. Нөгөөтээгүүр томуугийн төрлийн вирус нь коронавирусээс ялгарах онцгой шинж тэмдэггүй учир эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ оношийг тодорхой болгох үүднээс эмнэлгээр үйлчлүүлэх нь их байгаа аж.

“БЭЭЖИН 2022”:  Манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ
“БЭЭЖИН 2022”: Манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.