Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээтэй цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 28-нд нутгийн зүүн хагаст, 3-р сарын 1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-р сарын 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.