Даян аварга Н.Батсуурь Сар шинийн барилдаанд зодоглохоор ирсэн ч МҮБХ-ноос түүнийг барилдуулаагүй. Тус холбооны тэргүүн Ц.Магалжав шалтгааныг тайлбарлахдаа "Н.Батсуурь аварга нэгдүгээр сарын 13-ны өдөр болсон Үндсэн хуулийн барилдааны үеэр төрийн ёслолын алба, төрийн хамгаалалтын ажилчид, бөхчүүдийн өмнө Монгол бөхийн өргөөний эд хогшлыг эвдэж сүйтгэсэн. Энэ асуудалд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, Сар шинийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг тэргүүлэгчид гаргасан.
Энэ тогтоол бол бөхийн ёс зүйтэй холбоотой тогтоол. Н.Батсуурь аваргад ногдуулсан шийтгэлийн хугацаа дараа, дараагийн барилдаанд дууссан байх учир барилдах боломжтой" гэсэн тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болох "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түүнийг барилдуулахаар шийдвэрлэжээ. Тус барилдаанд зодоглохоор даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх бүртгүүлжээ. Бөхийн барилдаан маргааш 12.00 цагт эхэлнэ.