Украинд байгаа Монгол оюутнуудын ар гэрийнхэн Гадаад хэргийн яамны гадна жагсаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ар гэрийнхний зүгээс “Оюутнуудаа хурдан татах арга хэмжээ авахыг шаардаж байна. Тодорхой шийдэлтэй хариу гаргаач. Гадаад харилцааны Б.Батцэцэгийн мэдэгдэлд тодорхой шийдэлгүй, худал мэдээллүүд их байсан. Өөрсдийн хүсэлтээр үлдсэн хүүхдүүд гэж хэлсэн. Гэтэл тэд сүүлийн хоёр сарын хугацаанд эх орон руугаа буцах хүсэлтээ удаа дараа өгч байсан.
Оюутнуудын зүгээс өөрсдийн сурч буй сургуульд нь “Монгол Улс албан ёсоор оюутнуудаа татан авч байна” бичиг хийж өгөөч гэтэл Консулын газрынхан эсрэгээрээ “Хүүхдүүдийн сэтгэл санаа хямарсан, айж сандарсан байна. Аваад үлдээрэй” гэсэн байсан. Хүүхдүүд тус тусдаа өргөдөл бичээд өгөхөд сургууль нь хүлээж авахгүй албан ёсны бичиг хүсч байсан. Гэтэл байдлыг иймд нь хүртэл тулгалаа.
Энэ сарын 26, 27-нд оюутнуудаа татна гэж хэлсэн. Гэтэл нисэх онгоцны буудал нь ажиллагаагүй болж, агаарын хил нь хаагдсан. Татан авна гэж буй Лювовь гэдэг газар руу явахын тулд гурав хоногийг түгжрэлд зарцуулах бөгөөд ямар ч ус, хоол унд олдох боломж байхгүй. Ийм л нөхцөл байдал үүсээд байна.
Дайн эхэлсний улмаас Харьков хотод үймээн самуун үүсч дэлгүүрт ус, ундаа, хоол хүнс тасарч байна. Бэлэн мөнгөний машин огт ажиллахгүй байгаа гэсэн. Хоёрдугаар сарын 13-нд оюутнууд буцъя гэхэд “Дайн болохгүй. Үүнийгээ батал” гэж Консулын дарга н.Болд гэдэг хүн шоолж инээсэн гэсэн.
Монгол Улсын зүгээс юу ч хүсээгүй. Албан ёсоор оюутнуудаа татан авч байна гэсэн ганцхан бичиг л хүссэн. Инээгээд сууж байсныхаа оронд шийдчихгүй яав даа. Хоёр метроны буудалд Монгол оюутнууд хоргодож байна. Нөөцөлсөн жаахан хүнс нь өнөөдөр бараг дуусах байх. Метроноос гарах боломжгүй, гарахаар цагдаа нар нь буцаад ор гэдэг” гэв.