Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон. Зургийн эх сурвалж: Reuters
Түлхүүр мэдээлэл:
- Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал улам хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт шилжжээ.
- Түүнд одоогоор амьсгалын аппарат залгаад байгаа аж.
- Дэлхийн улс орнуудын удирдагчид түүнийг түргэн эдгэрэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Коронавирусний халдвартай болох нь тогтоогдож эмнэлэгт хэвтсэн Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал улам хүндэрсэн байна. Тиймээс түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж, амьсгалын аппарат залгасныг өчигдөр Британийн засгийн газар мэдээлжээ.
Анх халдвар авсан нь батлагдсаны дараа Жонсон гэртээ тусгаарлагдаж, 10 хоног болсон ч бие нь дээрдээгүй тул ням гаригт эмнэлэгт хэвтсэн юм. Уиндсорын шилтгээнд суугаа хатан хаан Элизабет ерөнхий сайдын биеийн байдлын талаар байнга мэдээлэл авч байгааг Букингэмийн ордон мэдээлжээ.
Мөн дэлхийн улс орнуудын удирдагчид Борис Жонсоныг түргэн эдгэрэхийг хүсэж байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий сайдын бие муудсан тухай мэдээг цочирдон хүлээж авснаа хэлээд Америкчууд Жонсоны эрүүл мэндийн төлөө залбирч байгааг мэдэгджээ.
Трамп АНУ-ын эм, биотехнологийн компаниудын удирдлагатай утсаар ярьж, Британийн засгийн газарт шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: Reuters