Хөгжлийн банкийг “тоносон” улстөрчдийн хэрэг манайдаа л Уотгейргэт болж байх шиг. Чанаргүй зээл олгосон болон авсан этгээдүүдийг “шүүрдэж” харвал бүгд улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс. Эсвэл улс төрд “гүйдэлтэй” бизнесийнхэн байна. Одоогийн байдлаар шүүхэд шилжсэн 26 төлөгдөөгүй зээл байна. Нийтдээ чанаргүй буюу эргэн төлөгдөхгүй байгаа 1.8 их наяд төгрөгийн өр Хөгжлийн банк дээр үүссэн. Өнгөрсөн өдрүүдийн өрнөсөн ӨР ТӨЛҮҮЛӨХ акцыг ажиглавал нөгөө л Б.Ундармаа, Б.Гарамжав, Эрэл, “Сахал” Б.Эрдэнэбилэг тэргүүтэй улстөрчид, эсвэл улс төрийн нөлөөллөө ашиглаж төрийн мөнгөөр ажлаа явуулдаг бизнесийн хэдийг илүүтэй “балбаж” байна. Гэтэл цаана нь тэднээс дутахгүй хэмжээний хохирол учруулсан. Улс төрийн нөлөөлөл үзүүлсэн нөхдүүд сэм сугарч үлдээд байна.
Тэднийг “уснаас хуурай гаргаж” хэрхэвч болохгүй. Төрийн мөнгийг авчихаад ажлаа ч хийхгүй, буцааж төлөхгүй яваа ийм нөхдүүдтэй хэвлэл олон нийт, хууль шүүхийнхэн нарийн үзэх нь зүйтэй. Энэ чимээгүй сугарч үлдэгсдийн нэг бол Бармон ХХК юм. Тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Шинэчлэл хороолол барина гэж авсан 17 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй 54 сарын хугацаа хэтэрсэн. Аргаа барсан Хөгжлийн банкныхан тус компанийг шүүхэд өгөөд байгаа.
Бармон ХХК-ийн хувьцааг гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа болон Ш.Үнэнбат тэргүүтэй таван хүүхэд нь эзэмшдэг. Л.Шагдаррагчаа нь өмнө нь Барилга хот байгуулалтын тэргүүн дэд сайдын албан тушаалыг хашиж байсан. МАХН-ын нэрээс сонгуульд нэр дэвшиж явсан нэгэн. Хүү Ш.Үнэнбат нь Бармон компанийнхаа захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. 17 тэрбумын өр үүсгээд буй зээлээ Бармон ХХК нь Хөгжлийн банкнаас 2019 онд авсан байх жишээтэй. Тиймээс товчхондоо барилга угсралт, засвар, гадаад зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бармон гэх уг компани улс төрд нөлөө бүхий этгээдийнх. Мөн зээл авсан тухай цаг мөчид захирал, ТУЗ-ийн дарга байсан бөгөөд хувьцаа эзэмшигч Ш.Үнэнбат нь НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Иймэрхүү байдлаар авсан зээлээ төлдөггүй нөхдүүдэд Ардын намын дарга нар яг ямар арга хэмжээ авах вэ. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн хүнийг нь намаасаа хасч, улс төрийн албан тушаалыг нь бууруулахыг хүлээвэл бүх зүйл замарна. Ийм төрлийн нэг хэрэг шүүхээр эцэслэгдэж шийдэгдэх хүртлээ багадаа 4-5 жил зарцуулагддаг. Тиймээс шүүхийг хүлээлгүй зарим төрлийг арга хэмжээг хуулийн хүрээнд авах хэрэгтэй. Жишээлбэл, зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлттэй Бармон тэргүүтэй компаниудыг Монголбанкны ХАР ЖАГСААЛТАД оруулах. Цаашлаад авсан зээлээ бүрэн төлж дуусах хүртэл төрийн ямар нэгэн тендерт оролцох эрхийг нь хасах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд л төрөөс “тэжээгдэж” явдаг компаниуд өр зээлээ төлнө. Үгүй бол авсан зээлээ эргэлдүүлж, байгаад шүүхээр таслагдахынхаа өмнө л эргүүлж төлнө. Хэрвээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эздээр нь төлүүлж чадахгүй бол 1.8 их наяд төгрөгийн өр Засгийн газарт шилжиж, ард түмэн татварын мөнгөөрөө төлөх болно. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ, иргэн Дулмаа нар мянга үгүйсгэж, эсэргүүцээд нэмэргүй. Самурай бондыг авахад Засгийн газар баталгаа гаргачихсан тул энэ өр явж, явж Засгийн газар дээр л ирнэ.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар хөгжлийн банкийг “тоносон” нөхдүүдийг хамгаалахгүй гэдгээ удаа дараа зарласан дээрээ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол та хоёрын тэргүүлж буй Ардын нам ирэх сонгуулиар “амаараа шороо үмхэх” болно. Мөн МАХН гэж одоо байхгүй. МАХН бол Ардын намын нэг хэсэг болсон гэдгийг давхар сануулъя.
Б.Дулмаа