Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ариун-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг элэглэж байгааг сонсоод инээх, эсэх талаар бодож байгаа нь өөрөө нь ялгаварлан гадуурхалт

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
6 минут 37 секунд

UBN STORY булангийн энэ удаагийн зочноор комедиан Т.Ариун-Эрдэнийг онцоллоо. Түүнийг харааны бэрхшээлтэй иргэн гэдгээс илүүтэйгээр шинээр тодрон гарч ирж буй чадварлаг комедианы хувиар ярилцлагын буландаа урин оролцуулсныг онцлон дурдаж байна.

-Өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Намайг Т.Ариун-Эрдэнэ гэдэг. Би 24 настай. Төрийн байгууллагад ажилладаг. Сонирхлоороо стэнд ап комеди хийдэг.

-Аль сургуулийг төгссөн, ямар мэргэжилтэй вэ?

-Бусад хараагүй хүүхдүүдийн адилаар Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийг төгссөн. 2018 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билэг дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн.

-Анх хэзээ стэнд ап комеди тайзан дээр гарч байв?

-Анх гадаад комедиануудын бичлэгүүдийг үздэг байсан. Монголоос комедиан Батаа, Амараа нарын бичлэгүүдийг үздэг байсан. Гэтэл манай Хараагүйчүүдийн номын санд 2019 оны гуравдугаар сарын 29-нд комедиан Батаа ирж бидэнтэй уулзаж байсан юм. Тэндээс комеди клаб дээр open mic болдог талаар олж мэдээд анх удаа тайзан дээр гарч байсан. Анх удаа тайзан дээр гараад онигоо болсон /инээв/. Түүнээс хойш тайзан дээр гарсаар тууштай явж байтал хөл хорио тавигдсан. Сүүлд Comedy lab-д гэрээ байгуулан орсон. Долоо хоногт 1-2 удаа тайзан дээр гарч ярьдаг.

-Stand up comedy хэд хэдэн төрөл байх шиг байна. Энэ төрлүүдийг судалж үзэв үү?

-Тодорхой хэмжээнд судалсан. Найман төрлийн зан аашинд тулгуурлан зохиол бичдэг юм билээ. Монголд өргөн дэлгэрээд байгаа хоёр төрөл байгаагийн нэг нь Story telling төрөл бол нөгөө нь One line гэдэг төрөл. Миний хувьд One line төрлөөр бичдэг. Энэ нь товчхондоо нэг нэг өгүүлбэрээр хүмүүсийг инээлгэдэг. Эхэнд хэлж байгаа өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрээсээ тэс ондоо байдаг.

-Таны ярьж байгааг сонсоход Dark Humor буюу хүндхэн сэдвүүдийг хөгжилтэй болгож ярьдаг. Тухайлбал, Би хэлгүй хүмүүст атаархдаг, учир нь тэд хэл сурах шаардлагагүй гэх мэтчилэн. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Миний сэдвүүдийг цэвэр Dark humar гэж хэлэхэд багадна. Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой асуудлуудыг хүргэж инээдэмтэй болгож байгаа болохоор хүмүүс тэгж ойлгоод байдаг. Энэ мэт яриануудыг хүмүүс сонсоод нэгээс хоёр жилийн дараа "Нээрээ тийм шүү дээ" гээд боддог болчихвол тийм ч хүнд санагдахаа болино.

May be an image of text that says 'UB COMEDY'

-Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хөгжилтэй байдлаар илэрхийлэхэд түүнд инээчихвэл тухайн хүмүүсийг шоолж байгаа гэж хүмүүс ойлгох вий гэсэндээ хүмүүс инээдээ бариад байгаа нь анзаарагддаг. Ер нь хүн инээхийнхээ өмнө бодох хэрэгтэй юу?

-Минийхээр илүү ухаалгаар бодож инээх хэрэгтэй байх. Анх комедианууд түлхүү ил харагдаж байгаа зүйлсийг ярьж инээлгэдэг байсан бол жил ирэх тусам хүмүүс илүү бодож инээдэг болоод байгаа юм. Улс төр ч юмуу, аль нэг зүйлийг ёжилж байгаа зүйлс дээр инээдэг болсон.

Харин хэлгүй хүний талаар ярьж байгаа зүйл дээр инээж болох үгүй талаар бодож байгаа нь өөрөө буруу. Тэр нь харин ч тухайн хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэйг нь илүү мэдрүүлж, ялгаж харьцаж байгаа мэт мэдрэмж өгдөг. Энгийн урлаг соёлын, спортын, улс төрийн хүнийг элэглэхэд хүмүүс инээдэг шиг өөр ямар ч хүнийг элэглэхэд инээдтэй санагдсан л бол инээх л хэрэгтэй.

-Stand up comedy урлаг танд ямар мэдрэмж өгдөг вэ?

-Үзэгчдийн алга ташилтын мэдрэмж маш сайхан. Гэхдээ энэ мэдрэмжийг байнга аваад байдаггүй нь энэ урлагийн онцлог байх. Комедигоос авдаг хамгийн сайхан мэдрэмж нь уналт, босолт. Таван удаа тайзан дээр гарахад хоёрт нь хүмүүсийг инээлгэхгүй. Өнөөдөр инээлгэж чадаагүй ч маргааш инээлгэх нь сайхан мэдрэмж төрүүлдэг.

No description available.

-Та багаасаа л бусдыг хөгжөөдөг хүүхэд байв уу?

-Үгүй, би харин ч дуу муутай хүүхэд байсан. Бага байхад гэрийнхэн маань амнаас үг унагах гэж зовдог байсан. Харин ахлах ангидаа сургуулийнхаа дотуур байранд амьдардаг болоод олон хүүхдүүдтэй харилцаж үзээд арай дээр болсон. Мөн дээрээс нь их сургуульд ороод Олон улсын харилцааны мэргэжлээр суралцахаар хүнтэй их сайн ярилцаж сурах шаардлагатайг багш нар маань хэлж, сургасан.

Сүүлд бодоод байхад багадаа их боддог хүүхэд байсан. Хүмүүсийн ярьж байгаа зүйлсийг сайн сонсоод, дүгнэлт хийгээд суугаад байдаг байж. Одоо түүнийгээ шууд гаргаж, ярьдаг болсон.

-Хөгжлийн бэрхшээл гэдэг үгний талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хуульдаа зааж өгсөн байх нь зөв. Үнэхээр хөдөлмөрлөх чадваргүй хүмүүсийг хуульдаа тэр нэршлээр заагаад халамж, тэтгэмжийг нь тогтоож өгөх хэрэгтэй. Харин нийгмийн харилцаанд энэ үгийг заавал ашиглаад байх шаардлагагүй гэж бодож байна.

-Олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэй гэж түрүүнд хэлсэн. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Мэдээж бий. "Насаараа цалингаа амьдраарай" гээд гадаадын хараал байдаг шүү дээ. Тиймээс аль болох олон орлогын эх үүсвэртэй байхыг хүсдэг. Олон улсын харилцааны мэргэжил Монголд залгамж чанартай ойлгогдоод байдаг. Үүнийг эвдэж, өөрчлөхийг хүсдэг.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Маргааш Улаанбаатарт 15 хэмийн хүйтэн
Маргааш Улаанбаатарт 15 хэмийн хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.