Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөгжлийн банктай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын дунд байна. Тус банкны удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямар асуудал ярьж, хариуцлага тооцох вэ?
-Миний бие ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед 2019 оны 5 дугаар сард УЕПГ болон АТГ-д Хөгжлийн банктай холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилж авч үзэхийг бичгийг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд үндэслэж Засгийн газарт танилцуулж байв.
Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк экспорт, импортыг дэмждэг банк байж олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш зорилгоороо ажиллаж чадаагүй. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 55.3 хувь нь буюу 1.8 их наяд төгрөгийг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн.
Хөгжлийн банкнаас зээл авч, зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай тухайн төсөл нь Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан төслүүд бий. Цар тахлын улмаас эргэн төлөлт их биш хугацаагаар тасалдсан нөхцөлд Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ гэсэн үг. Мөн баялаг бүтээгчдээ ойлгож, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
Улс төрийн нөлөөллөөр зээл авч, зориулалтын бусаар ашиглаж барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүдээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унах, бизнесийн хэвийн үйл ажиллагааны зарчим алдагдахад хүрсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах болно.
Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойшхи бүх хэргүүдийг эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг УПЕГ-т гаргасан. Ингэхдээ энэ бол зээл биш. Зээл аваад мөнгө угаах байдлаар ашигласан, шамшигдуулсан Монгол Улсын татвар төлөгчдийн санхүүжилтэд ноцтой хохирол учруулсан. Тиймээс төрийг хохиролгүй болгох агуулгаар бичиг өгснийг УПЕГ хүлээж авсан. Энэ бол баялаг бүтээгчдийн эсрэг хийж байгаа зүйл биш гэдгийг хэлье.