Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш даруй 20 гаруй жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ч бид өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ хэмээн ярьсаар. Гэвч хийж, хэлсэн бүхэн нь бодит байдал дээр байгаа онохгүй хэвээр. Иймдээ ч хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болох тэмцэл дунд балагтай бүхэн нь улс төрчидтэй холбогддог жишиг тогтсон биз.
Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Гэвч Хөгжлийн банкны асуудлын “шуурганд” жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нөхцөл байдал нам дарагдав. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд ЖДҮХС-гаас нийт 600 тэрбум төгрөгийн зээлийг гаргажээ. Ташрамд дурдахад, төрийн түшээ нар нь өөрсдийн хамаарал бүхий этгээдэд ЖДҮХС-гаас зээл авсан гэх алдарт асуудлын дараагаас улс тус санд тавих төсвөө ч “танасаар” ирсэн. Иймдээ ч өнгөрсөн 2021 онд ЖДҮ-ийн сангаас зээл огт гаргаагүй. Харин үүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд ажлын байрыг дэмжих, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 2 их наядын зээл олгохоор тусгасан тул давхардуулсан арга хэмжээ авах шаардлагагүй хэмээн тайлбарлаж буй. Мөн чанартаа зээл гаргахгүй байгаа шалтгаан нь ЖДҮХС-аас гаргасан зээлүүдийнх нь эргэн төлөлт муу байгаатай холбоотой аж.
Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-д төлөгдөхгүй байгаа 230 тэрбум төгрөгийн зээл бий. Өнгөрсөн онд тус сан улсын төсөвт 25 тэрбум төгрөгийг л төвлөрүүлсэн гэдэг нь зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгааг илтгэж болох үзүүлэлт. Нийт 230 тэрбум төгрөгийн зээлийг 2023 он хүртэл график гарган төлүүлэхээр ажиллаж байгаа гэх боловч өнөөдөр төлөөгүй мөнгөө энэ хугацаанд бүрэн төлөөд дуусгачихана гэх найдлага бараг л байхгүй. Ийнхүү бизнес эрхлэгчдийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой ЖДҮХС нь ч, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банк нь ч дампуурлын ирмэгт тулж ирлээ. Товчхондоо, ЖДҮХС ч, Хөгжлийн банк ч улс төрчдийн гараар орж, эцэстээ эх орноо хөгжүүлэх бус эсрэгээрээ Засгийн газраа гадаад өрөндөө тавиад туух нь.
Дахин нэг асуудал. Мэдээж гаргасан зээлүүдээ эргэн төлүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй. Гэвч төрийн болон төсвийн мөнгийг хэзээ, яаж эргүүлж төлүүлэх вэ хэмээн толгойгоо гашилгаад ч найдваргүй болчихсон зээл ЖДҮХС-нд байна. Нийт төлөгдөхгүй байгаа зээлийн 20-30 хувь буюу 45-50 тэрбум төгрөг нь 2019 онд дампуурлаа зарлаж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж орхисон “Капитал” банканд орсон гэх мэдээлэл бий. Үнэн хэрэгтээ, дампуурсан “Капитал” банкнаас төр өмнөх мөнгөө авах арга сүвэгчилсээр хоёр жилийн нүүрийг үзэхдээ үнэлье гэсэн ч үнэлэгдэхгүй хэдэн оффис, тоосондоо дарагдсан тоног төхөөрөмж, сандал ширээнээс хэтрээгүй. Гэтэл одоо ЖДҮХС-ийн мөнгийг олж авна гэдэг юу л бол.
Аль ч засгийн үед ил тод, нээлттэй нийгмийг бүтээхийн төлөө хэмээн өөрсдийгөө цоллодог. Гэвч энэ нь амбицаас хэтрэхгүй байна. Чанаргүй зээлийн асуудлаа нууж аль эсвэл шинэ сенсацитай асуудлын хөлд чирэгдэж суухыг харахын оронд яагаад одоог хүртэл зээлдэгчдээ зарлачихаж чадахгүй байгаа хэрэг вэ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд зээл авсан бүх зээлдэгчдээ Хөгжлийн банкны өнөөдрийн жишгээр нэг бүрчлэн зарлахыг ЖДҮХС-аас шаардая. Бүхнийг нээлттэй, ил тод, авлигаас ангид байлгана гэх зорилтыг хурган амбицтай улс төрчдийн амны зугаа төдийгөөр яриад өнгөрсөн зүйл биш гэдгийг нотолж энэ мэт зээл хөрөнгө оруулалт тойрсон асуудал дээр ил тод болгоё.
Бид ЖДҮХС-г ч, Хөгжлийн банкыг ч сайны жишгээр ярьж болох байв. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд тохиромжгүй. Төр, хувийн хэвшил хоорондын харилцаа, эргэх холбоог сайжруулах нь эдийн засгийн бодит хүч болно. Гэвч төрөөс гаргасан бодлогын үр шимийг бизнес эрхлэгчид бус улс төрчид хүртэж байгаа цагт энэ талаар ярих нь бүү хэл дурсаад ч нэмэргүй.
Ц.Ийнгаа