УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2020.04.06-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.
Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газар