Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий хоёр аж ахуйн нэгжид нийт гурван тэрбум төгрөгийн зээл олгосон нь баримтаар нотлогдоод байгаа юм.
Б.Батзоригт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Түүний буруутгагдаж байгаа гэмт хэрэг нь улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял оноох заалттай.
Түүний гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Ингэхдээ хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан холбогдох Байнгын хороо, дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Тэрээр өргөдөлдөө УИХ-ын тухай хуулийн 6.6.3 буюу "гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргах"гэснийг үндэслэл болгожээ.
Түүнчлэн энэ долоо хоногт Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээнэ. Нээлт өнөөдөр 12 цагт цахим хэлбэрээр болно.
Нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ нэгтгэнэ.
04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Төрийн ордны их” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдана.