Одоогоос нэг жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдож байв. Бэрхийн захиргаанаас төрийн ордон, Бэрс сургуулиас харвард хүртэл түүний явсан зам мөр түүхэнд өөрийн гэсэн орон зайгаа үлдээх нь тодорхой. Өнгөрсөн нэг жилд цар тахал, эдийн засгийн хямрал, хүний эрх, дабль стандарт гэх мэт түүний танхимыг тойрсон сорилт, шүүмжлэл тасраагүй. Олон жил “хэрэлдсэн” “Рио Тинто”-той ойлголцож, оюутолгойн гүний уурхайг ашиглалтанд оруулж дотоодын эрчим хүчээр хангах болсон, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж хувийн хэвшил, эдийн засгийн эрчимжлийг дэмжсэн зэрэг цар тахлын хүнд үеийг давахад ач холбогдолтой, нүдээ олсон ажлууд ч бишгүй. Түүний нэг жилийн засагллын ойг хүн бүр өөрсдийн өнцгөөр дүгнэх байх. Харин баримт статистик, олон улсын индекс гэдэг манай орны хөгжил дэвшлийг илүү дутуу өнгө будаггүйгээр харуулна. Тийм учраас бид өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 4 жилийн тоон үзүүлэлтийг тоймлон үзүүлж байсан https://ubn.mn/p/10439. Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнийн нэг жилд юу өөрчлөгдсөнийг тоймлон хүргэж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
Цар тахлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсыг тойрсонгүй. 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.1 хувийн өсөлт үзүүлсэн бол өнгөрөгч 2021 онд 3.6 хувь буюу өмнөх онынхоос 1.5 хувиар өссөн байна.
2021 онд 21,3 сая нүүрс экспортлосон нь өмнөх 2020 оноос 44.3 хувь буурсан үзүүлэлт юм. Зэсийн экспорт ч өмнөх оныхоос 11 хувиар бууж 1.28 сая тн болжээ. Хэдийгээр экспортын хэмжээ буурсан ч дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт орлого тасрах аюулаас аварсан. Хил гаалийн түгжээ, цар тахлын хүндрэлээс шалтгаалсан тээвэр, ложистикын саатал зэрэг олон хүндрэлүүд гарсан амаргүй нэг жил байлаа.
ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн Монголчуудын мөнгийг 430 сая ам.доллараар арвижуулж ДНБ-ийг 14.28 тэрбум ам.долларт хүргэжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР
Засгийн газрын өр сүүлийн 5 жил тасралтгүй өссөөр байна. 2020 оны байдлаар Засгийн газрын өр 26.2 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 27.1 тэрбум ам доллар болж 900 орчим сая ам.доллараар нэмэгдсэн дүнтэй гарлаа.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны хямралын түвшинд хүрчээ. 2020 онд 1.9 тэрбум ам.доллар орчим байсан бол 2021 онд 1.3 тэрбум болж буух урьдчилсан дүн гарчээ. Харин 2022 онд Оюутолгойн гэрээ хэлэлцээр гацаанаас гарч гүний уурхай ашиглалтанд орсонтой холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэсэн хүлээлт найдлага бий.
ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Дэлхийн 141 орныг харьцуулан гаргасан өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 102-р байрт орсон хэвээрээ байна. Энэ үзүүлэлтээр бид дээд тал нь 96-р байрт орж байсан түүхтэй. Харин сүүлийн 5 жил энэ үзүүлэлт төдийлөн өөрчлөгдсөнгүй.
АВИЛГЫН ИНДЕКС
“Манан бүлэглэлийн” сүүлчийн жил буюу 2017 онд манай улс авилгын индексээр 106-р байрт орж байлаа. Харин “шударга ёсны хувьсгалаас” хойш таван жил өнгөрсний дараа 110-р байрт бичигдэж байна. Өнгөрөгч 2021 онд авилгын индексээр нэг байр урагшилсан нь ололт амжилт гэхээсээ илүү бидний урд бичигдэж байсан Египет Улс оноо алдаж ухарсантай холбоотой. Сонирхуулахад Монгол Улс авлигын индексээр хамгийн сайндаа 106, хамгийн муудаа 120-р байрт бичигдэж байсан түүхтэй аж.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Чөлөөт хэвлэлийн индексээр 68-р байрт оржээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 5 байраар урагшилсан үзүүлэлт юм. Хэдийгээр ийнхүү урагшилж байгаа ч гүтгэх гэмт хэргийг иргэний хохирол барагдуулах журмаар бус эрүүгийн хорих ялаар шийдвэрлэх эрх зүйн орчин байгаа тохиолдолд энэ үзүүлэлт 65-аас дотогш орох боломжгүй гэдгийг олон улсын хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн байгууллагууд сануулсаар байна.