Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд талын “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-д явагдаж буй ажлын явцтай танилцаж, иргэдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай ажлын алба, холбогдох мэргэжилтнүүд “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь зарим нэг асуудлыг шийдвэрлэж байна. Нийслэлийн хот тохижилтын газарт 700 гаруй албан хаагчид байдаг. Эдгээр хүмүүс энэ ажлыг хариуцан ажиллаж байна. Зураг төсөл, бэлтгэл ажил гэх мэт зүйлсийг эртнээс хангаж, өнгөрсөн жилээс эхлэн явуулж буй ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд ердөө мод, бут сөөг, зүлэг сүйтгэх гэж байгаа ажил юм биш.
Бид жоохон ажил явуулмаар байна. Ажил хийхээр хийлээ гэнэ, хийхгүй болохоор хийсэнгүй гэнэ. Жижиг асуудал бүрийг улс төржүүлж, олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг үгүйсгэмээргүй байна.
Энд тохижилтын ажил явж байгаа учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт шаардлагыг хангах үүднээс хашаа татсан. Тиймээс энэ ажлыг хэн нэгнээс нууж хааж, далдалж хийж байгаа биш гэдгийг хулгайгаар ажил хийхгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хот тохижилтын ажилтнууд дүрэм, журам, стандартын дагуу ажлаа хийж байна.
Хэрвээ иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ирээд ажлын явцтай танилцахыг хүсвэл үүд, хаалга нээлттэй. Аюулгүй байдлаа хангаад, хариуцаж буй газар, байгууллагын удирдлагуудтай уулзаж ажлын явцтай танилцах боломж нээлттэйг дахин хэлмээр байна.
Намайг өнгөрсөн гуравдугаар сард ажил авч байх үед төв талбайн ариун цэврийн өрөөг засаж, шинэчлэхтэй холбоотой 2-3 мянган санал ирж байсан. Тиймээс иргэдийн санал үндэслэн нийслэлийнхээ төв талбайд стандартын шаардлага хангасан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, нярай хүүхэдтэй ээжүүд хүүхдээ ороод хуурайлчихдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд асуудалгүй ороод үйлчлүүлдэг ариун цэврийн өрөөг байгуулахаар ажиллаж байна. Мэдээж ариун цэврийн өрөөг байгуулахын тулд газар доогуур инженерийн шугам сүлжээг байрлуулах нь ойлгомжтой. Энэ мэт төлөвлөсөн ажлыг явуулж байна.
Иргэдийн дунд мод, бутыг тасдах гэж байна, машины зогсоол барих гэж байна, үргүй зардал гаргаж байна зэрэг ташаа мэдээллийг ихээр тарааж байна. Энд үргүй зардал гаргаж байгаа асуудал огт биш” гэв