Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдлын асуудал хурцаар хөндөгдөх болсон. Тэгвэл агаарын бохирдлын хүнд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Орчний эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдуламаас тодрууллаа.
-Агаарын бохирдлын сөрөг нөлөөллийн талаар иргэд олон нийт ерөнхий ойлголттой явдаг юм шиг санагддаг. Тэгвэл агаарын бохирдлын үүсгэгч хүчин зүйл болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар яриагаа эхлүүлье?
-Гадаад орчны агаарын бохирдлыг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр агаар мандалд химийн хольц бүхий бохирдол нэмэгдэхийг хэлнэ хэмээн тодорхойлдог. Агаарын бохирдол гэдгийг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бохирдуулагч бодисын холимог гэж ойлгож болно.
Агаарын бохирдлыг гадаад болон дотоод орчинд үүссэн бохирдол гэж ангилдаг. Гадаад орчны агаарыг бохирдуулагч үндсэн 6 элемент нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнд PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор, PM10 буюу том ширхэгт тоосонцор, азотын давхар исэл, хүхэрлэг хий, нүүрсхүчлийн хий, озон зэргийг авч үздэг. Эдгээрээс хүний эрүүл мэндэд хамгийн их хортой нөлөө үзүүлдэг нь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор.
-Бусад бохирдуулагчтай харьцуулахад PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор нь хүний эрүүл мэндэд хамгийн их хортой нөлөө үзүүлдэг нь гэлээ. Тухайлбал?
-Энэхүү нэгдэл нь маш жижиг хэмжээтэй буюу хүний үсний ширхгийг 30 хуваасантай тэнцэхүйц хэмжээтэй. Иймээс хүний амьсгалын замаар орж хүний цусны эргэлтэд шууд нэвтэрч хордуулагч элементээсээ шалтгаалж янз бүрийн сөрөг нөлөөллүүдийг үүсгэж байдаг.
Ингэхдээ PM 2.5 тоосонцор нь хар тугалганы гаралтай тоосонцор байвал хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Үүнээс гадна ДЭМБ-ын харъяа олон улсын хамтын агентлагаас 2013 онд PM 2.5 тоосонцрыг хорт хавдар үүсгэх нэгдэл хэмээн зарласан байдаг. Үүнээс гадна хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл нь хурц нөлөөллүүдийг бий болгож байдаг. Тухайлбал, агаарын бохирдол ихтэй үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, ядрах, уур уцаартай болох зэрэг нөлөөллүүд гарч болно. Ерөнхийдөө агаарын бохирдол нь бохирдуулагчаасаа үл хамааран цогцоороо амьсгалын замын өвчлөл, зүрх судас болон бусад эрхтэн тогтолцоонд хортой нөлөөллүүдийг үүсгэж байгаа.
Азотын давхар исэл болон хүхэрлэг хийн агууламж өндөр байх нь уушгины хатгалгаа, багтраа, бронхит, уушгины үрэвсэл, уушгины үйл ажиллагааг сулруулах сөрөг нөлөөтэй. Түүнчлэн нүүрстөрөгчийн дутуу исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд толгой өвдөх, харах чадвар муудах, танин мэдэх болон гүйцэтгэх чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Маш өндөр түвшинд хүрвэл ухаан алдах улмаар үхэлд хүргэж болно.
-Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Агаар бохирдуулагч агууламжууд нэмэгдэхийн хэрээр түүнээс шалтгаалсан өвчлөл ч нэмэгдэх эрсдэлтэй гэж харж болох уу?
-Улаанбаатар хотын гадаад орчны агаарын түгээмэл бохирдуулагчид багтраа өвчлөлд нөлөөлж байна. Ид галлагааны улиралд бүртгэгдсэн багтрааны тохиолдол дулааны улирлынхаас 2.6 дахин их байна. Нийслэлийн агаарын РМ2.5 ба РМ10 тоосонцор, зүрх судасны тогтолцооны өвчнөөр эмнэлэгт хандалтын хооронд шууд хамааралтай байгаа нь агаар дахь тоосонцрыг яаралтай бууруулах шаардлагатайг харуулж байгаа юм.
-Сайжруулсан түлш хэрэглээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл энэ хугацаанд агаар бохирдуулагч агууламжийн хэмжээ буурах хандлага ажиглагдсан уу?
-Улаанбаатар хотын агаарын чанарын төлөвийг 2016-2020 оны байдлаар авч үзэхэд зарим агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан болохыг судалгаагаар тогтоосон. Тухайлбал, РМ2.5 ба РМ10 тоосонцор нь 2019, 2020 онуудад буурсан үзүүлэлттэй гарсан. Харин азотын ислийн дундаж агууламж стандарт түвшинд байгаа. Харин хүхрийн давхар ислийн жилийн дундаж агууламж өмнөх жилүүдээс нэмэгдсэн болохыг доорх зургаас харж болно.
-Хүхрийн ислийн дундаж агууламж өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн байна. Ер нь хүхрийн ислийн агууламжийг юугаар тодорхойлдог вэ?
-Энэ нь нүүрс болон бензин, дизель түлш, нефтийн гаралтай шатах, тослох материалуудын шаталтаас үүсдэг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушги өөрийгөө хамгаалах дархлааны тогтолцоог бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.
-Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилбэл цаашид хүн амын эрүүл мэндэд ямар эрсдэл үүсч мэдэхээр байна вэ?
- 2019 онд хийсэн Улаанбаатар хотын 0-19 насны хүн амын дундах багтраа өвчний хэтийн төлөвийн судалгаагаар агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилбэл 2022 он хүртэл 0-19 насны хүүхдийн багтраа өвчний тохиолдол нэмэгдэж 100 000 хүн амд 1.5 дахин бүртгэгдэх хандлагатайг тооцоолсон байдаг.
-Агаарын бохирдолд хүүхэд хамгийн ихээр өвддөг гэх. Ингэхдээ хүүхдийн уушги дөнгөж хөгжиж байдгаас гадна насанд хүрсэн хүнээс илүү давтамжтайгаар амьсгалдаг учраас тэр байх. Тэгвэл та мэргэжлийн үүднээс хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж болохуйц сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгөөч?
-Агаарын чанар муу байхад хүн бүр өртөнө. Ялангуяа өндөр настан, архаг өвчтэй, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөмхий юм. Ингэхдээ хүүхэд нярай үеэс эхлэн агаарын бохирдолд өртөх нь архаг өвчтэй болох эрсдэлтэй байдаг.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15-аар нэмэгдэж байгаа талаар судалгаа бий.
-Архаг суурь өвчтэй болон багтраа, астматай иргэд хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Мэдээж бид бүгд нэг агаараар амьсгалдаг тул хүн бүр урьдчилан сэргийлэх шаардлагатай. Ингэхдээ гадаад болон дотоод орчинд байхдаа өөрийгөө болон үр хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалахад зарим аргыг дадал болгох чухал. Тухайлбал,
Гадаад орчинд
- Агаарын чанарын индексийг хянаж гадагшаа гарах эсэхээ төлөвлөж сурах
- PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүж гадуур явах
- Агаарын бохирдол ихтэй үед тээврийн хэрэгслээр зорчихдоо машины хаалга, цонхны зай завсар хаалга онгойх, машины агаар сэлгэлт хийгдэхэд гадаад орчны агаар машин дотор орох тул машин дотор явахдаа ч амны хаалт зүүх
Дотоод орчинд
- Машины сэнс, халаагуур зэрэг нь ажиллахдаа агаарын солилцоо явуулж байдаг тул ХЕПА фильтр бүхий агаар шүүгчийг машиндаа суурилуулах нь өвөл, зуны алинд ч таныг PM2.5-ын бохирдолд өртөхөөс хамгаална. Иймээс шүүлтүүр үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглаж, хугацаанд нь сольж байх хэрэгтэй.
- Гэр байшингийн дулаан алдагдлыг бууруулах
- ХЕПА фильтр бүхий агаар шүүгчийн хэрэглэх хэрэгтэй.