Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлэх 10 арга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 34 секунд

Ковид-19 цар тахлыг эмчлэх эм, вакцин хараахан гараагүй байгаа энэ үед хорио цээрийн дэглэм дэлхийг “аврах” ганц найдвар болоод байна. Тиймээс та бид ердөө л гадуур гаралгүй гэртээ үлдсэнээр энэ цагийн “баатар” болох боломжтой. Харин энэ бүх хугацаанд юу хийх вэ? Бид танд дэлхийг “аврангаа”, гэрийнхээ уур амьсгал, өөрийнхөө сэтгэл зүйг ч таатай байлгах дараах аргуудыг санал болгож байна.

1. Дасгал хөдөлгөөн

Улс даяар фитнесс, иог, усан бассейнуудын үйл ажиллагааг зогсоож, ууланд гарахыг ч хориглоод байгаа энэ үед хамгийн их “хоригдож” буй зүйл бол та бидний хөдөлгөөн. Тиймээс хөдөлгөөний дутагдалаас үүдсэн бие махбодын хийгээд сэтгэл санааны сөрөг нөлөөллөөс сэргийлэх үүднээс та гэртээ онлайн дасгалын хичээлүүдийг туршаад үзээрэй. Тухайлбал, дэлхийн 4 улсад салбартай Modo иогийн студи гэрийн хорионд байгаа хүмүүст зориулан хичээлээ онлайн хэлбэрээр зааж, инстаграм хуудсаараа үнэгүй цацаж эхлээд байна.

2. Жимс, ногоо үрслүүлэх

Хөл хорионы үеэр дэлхий дахинд хамгийн их “хөлжиж” буй бизнесүүдийн нэг нь жимс, ногооны үрийн төрөлжсөн дэлгүүрүүд болоод байна. Учир нь хүмүүс гэртээ ихэвчлэн тасалгааны цэцэг тарьдаг байсан бол энэ удаа хөл хориог ашиглан хүнсний ногоо болон жимс тарих нь ихэсчээ. Та ч мөн үүнийг туршаад үзээрэй. Жишээ нь, нимбэг, мандарин, апельсин зэрэг цитрусийн төрлийн жимснүүд нь сайхан үнэртэй бөгөөд ямар ч улиралд ургуулж болдог. Тиймээс та шинэ үр худалдаж аван зааврын дагуу суулгахад л болно. Хожим тасалгаандаа өөрийн гараар тарьсан “ургацаа хураах” сайхан биш гэж үү.

3. Гэр бүлээрээ зургийн цомгоо үзэх

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” хэмээн Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Дөнгөтийн Цоодол хэлсэн байдаг. Танай зургийн цомогт түүх болон үлдсэн хуучны сайхан зурагнууд байдаг нь гарцаагүй. Тэгвэл тэдгээр зургуудаа хүүхдүүдтэйгээ хамт үзэн өвөө, эмээ, хамаатан садан, өөрийн бага наснаас эхлүүлээд тухайн цаг үеийн нийгмийн талаар хүүхдүүддээ илүү ихийг ярьж, тайлбарлаж өгөөрэй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх нь гарцаагүй.

4. Гэрэл зураг дарж сурах

Зургийн цомгоо үзэж дууссан бол одоо шинэ цомог бүтээх цаг ирлээ. Гэрэл зургийг мэргэжлийн бус бидний хувьд камер бариад л ганц товчлуур дараад болчихдог зүйл гэж ойлгох нь түгээмэл. Гэтэл үнэндээ ямар их мэдрэмж шаарддаг зүйл болохыг өөрсдөө хийж байж л ойлгох биз. Тэгвэл саяхан Nikon компани нийт 250 ам.доллараар үнэлэгдэх гэрэл ургийн 10 цуврал хичээлийг энэ дөрөвдүгээр сарын турш үнэ төлбөргүй болгож буйгаа зарласан. Та бүхэн Nikon events хуудсанд хандан уг хөтөлбөрт хамрагдаарай.

5. Ургийн бичиг хөтлөх

Бидэнд гэр бүлээрээ ийм их цагийг өнгөрөөх боломж өмнө нь гарсан уу, бас цаашдаа гарах уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгвэл энэ “түүхэн” цаг үеийг ашиглан гэр бүлээрээ тойрч суугаад ургийн бичгээ хөтлөөд үзээрэй. Хэрэв мэдэхгүй зүйл гарвал өвөө эмээдээ, эсвэл хамаатныхаа ахмадуудад хандан гэр бүл, удам угсаа, ураг төрлийнхөө талаар илүү ихийг мэдэж аваарай.

6. Монголын нууц товчоо унших

 

Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн түүхийг бүтээх гээд тун завгүй байлаа. Тэгвэл одоо түүхээ мэдэх цаг иржээ. Та өмнө нь Монголын нууц товчоо уншчихсан гээд энэ хэсгийг алгасах гэж байвал түр азнаарай. Учир нь тус бүтээлийг дахин дахин унших тусам та өмнө нь олж хараагүй зүйлсийг шинээр харан алмайрах болно. Мөн тэрхүү анзаарсан зүйлсээ хожим амьдралд хэрэгжүүлэхэд тустай. Жишээ нь, Монголын нууц товчноос Чингис хааны гайхалтай удирдахуйн ухааныг харж болно. Учир нь тэрээр өөрийн жанжидаа маш сайн мэддэг байсан бөгөөд тэдэнд яг таарах даалгавар, тушаалыг онож өгдөг байсныг нууц товчооноос харж болно.

Тухайлбал, МНТ бүтээл дээр Сүбээдэйд төмөр тэрэг хөллүүлээд алс холын аян дайнд мордуулдаг. Энэ нь Сүбээдэй өөрөө алгуур тайван, нягт няхуур, тууштай зантай учраас түүнийг тэвчээр шаардах алс холын, удаан хугацааны аян дайнд томилдог байж. Харин Зэв түргэн шуурхай, цочмог, холерик төрлийн зантай учраас дайсанд гэнэтийн цохилт өгч, түргэн хугацаанд эрчимтэй байлдах шаардлагатай тулаануудад ихэвчлэн явуулдаг байв. Энэхүү тактик нь ч маш амжилттай болж хоёр жанжин суу билгээрээ алдаршсан билээ. 

Та үүнээс удирдагч хүний хувьд зөв хүнийг, зөв байранд нь тавих нь ямар чухал вэ гэдгийг харж бас хэрэгжүүлж болно.

7. Хуучин хувцасаа ялгах, хандивлах

Гэрт байж л байдаг хэрнээ хэзээ ч өмсдөггүй хөглөрсөн олон хувцаснууддаа баяртай гэж хэлэх цаг ирлээ. Өмнө нь ажил ихтэй, гэртээ зарцуулах цаг бага байсан бол энэ удаа гэрийнхээ өнцөг, тохой булан бүрийг цэвэрлэж, хэрэггүй зүйлсээсээ салаарай. Мөн түүнийгээ хаях биш, тусгай төвүүдэд хандивлах нь бусдад тустай.

8. Хоол зохиож хийх

Ажлаа тарж ирээд л яаруу сандруу оройн хоолоо бэлддэг байсан уу? Тэгвэл одоо өдөр тутам заагдсан жорын дагуу хийдэг хоолуудаа түр хойш тавиад, өөрөө жорыг нь зохиож хийгээд үзээрэй. Магадгүй та сарын дараа гэхэд дэлхийд цор ганц амтат хоолны жортой болсон байх ч юм билүү.

9. Тогтсон ойлголтыг эвдэх

Танай гэр бүлд эхнэрийн хийх зүйл, нөхрийн хийх зүйл хэмээн “ялгасан” үүрэг даалгавар байдаг уу. Хэрэв байдаг бол түүнийгээ сольж хийгээд үзээрэй. Магадгүй маш хөгжилтэй үр дүн гарах байх. Ялангуяа нөхрүүд хүүхдүүдийнхээ өмсөх хувцасыг сонгох, нарийн боов хийж үзэх зэргийг туршиж болно. Мөн эхнэр нөхрүүд бие биенийхээ хийдэг зүйлсийг өөрөө хийж үзэх нь нэгнээ илүү сайн ойлгоход тустай.

10. Чадахгүй гээд өөртөө итгүүлчихсэн зүйлтэйгээ нүүр тулах

Өмнөх зөвлөгөөнүүд илүү гэр бүлийн хүрээнд байсан. Харин сүүлийн зөвлөгөө маань хувь хүн рүү, тэр дундаа таны дотоод ертөнц рүү чиглэж байна. Та өөртөө юуг миний хийх зүйл биш, би хэзээ ч хийж чадахгүй гэж итгүүлсэн бэ? Хэрэв тийм зүйл байгаа бол одоо зугтах биш нүүр тулаад үзээрэй. Жишээ нь, би спортдоо маш сайн, гэхдээ урлагийн ямар ч авьяасгүй гэж боддог бол гитар эсвэл укулеле аваад интернэтээс бичлэг үзээд тоглож сураарай. Магадгүй та тухайн зүйлд огт авьяасгүйдээ биш зүгээр л бусдаас арай удаан сурдаг байсан ч юм бил үү.

ТАНЫ МЭДЛЭГТ: Онлайн хурал, уулзалт хийхэд тохиромжтой 6 ПЛАТФОРМ
ТАНЫ МЭДЛЭГТ: Онлайн хурал, уулзалт хийхэд тохиромжтой 6 ПЛАТФОРМ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.