Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвсүрэн: Төлөвлөгөөний дэвтэр сар бүрт нэг эрхэм чанарыг төлөвшүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 33 секунд

“UBN- Улаанбаатар ньюс” сайтын блоггер, үр дүнтэй харилцааны үндэсний болон олон улсын хэмжээний сургагч багш Б.Пүрэвсүрэнгийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний дэвтэр эрэлт ихтэй байна. Онлайн сургалтын горимд шилжсэн энэ цаг үед түүний гаргасан дэвтэр хүүхдүүдэд яагаад хэрэгтэй талаар ярилцлаа. Гэрээс хүүхдээ сургах фэйсбүүк группийн гишүүд нь түүнийг ийм дэвтэр гаргахад нөлөөлжээ.


-Та яагаад хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний дэвтэр гаргахаар шийдсэн бэ?

-Гэрээрээ сургалт хийж байгаа ээж авуудад хүүхдүүдтэйгээ зөв харилцахад нь туслах зорилгоор хоёр насны ангиллаар хоёр төрлийн дэвтэр гаргаж байгаа юмаа. Нэг нь өсвөр насныханд, нөгөө нь 12-оос доош насныханд зориулагдсан.

-Хувь хүний ажлын төлөвлөгөөний дэвтэр маш олон бий. Хүүхдүүдэд зориулсан нь цөөхөн байх. Таны дэвтэр тэдгээрээс юугаар ялгарах вэ?

-12-оос доош насны хүүхдүүдийн дэвтэр нь сайн чанарыг яаж төлөвшүүлэх вэ гэдэг сэдэвтэй. Сар бүр нэг сайн шинж чанар дээр төвлөрүүлэн хүүхдийг хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, дөрөвдүгээр сард цэвэр цэмцгэр занд сургана гэсэн зорилготой. Тиймээс цэмцгэр гэж яг юуг хэлээд байгаа вэ гэвэл орчин тойрноо эмх цэгцтэй байлгах, өөрийгөө цэвэрхэн авч явахыг цэмцгэр гэж хэлнэ гээд тайлбарлаад өгчихсөн. Тэгэнгүүт хүүхэд маань цэмцгэр болохын төлөөх гурван зорилго дэвшүүлээд сарын эцэст тэр гурван зүйлээ хийсэн үү үгүй юу гэдэгтээ өөрөө үнэлгээ хийгээд явах хэсэгтэй. Энэ мэт 9 эрдэнэ бүхий, эрдэнэстэй зүйрлэхүйц зан чанарыг төлөвшүүлэх гэсэн юм.

-Бусад саруудад ямар зан чанар төлөвшүүлэх вэ?

- Хүндэтгэн хайрлах сэтгэл, ухаалаг сэргэлэн зан, үнэнч шударга зан, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч шаламгай зан, эвсэг зан, итгэмжит зан, уян хатан чанар байгаа.  

- Өсвөр насныханд зориулсан дэвтрийн онцлог нь юу вэ?

- Өсвөр насны хүүхдүүдэд цаашид мэргэжлийн чиг баримжаагаа хэрхэн олж авах вэ гэдэгт чиглүүлэхийг зорьсон. Өдөр өдрийн ажлаа бичээд явах календарьчилсан хүснэгттэй сарын төлөвлөгөөний дэвтэр байгаа. Одоо бид подкаст дээрээ дахиад нэг яриа оруулъя гэж бодож байгаа. Яг том хүн болж төлөвшиж байгаа энэ эмзэг нандин үед нь хүүхдүүдтэйгээ яаж харилцах вэ, хэрхэн дэмжих вэ гэх мэтчилэн нарийн нандин юм хөндсөн яриа оруулъя гэж бодсон. Надад хандаж буй хүмүүс бол өсвөр насны хүүхдүүд маань хичээлээ хийхээ ч болилоо гээд байгаа. Тэдгээр хүүхдүүдийг зөв чиглүүлж өгч болмоор санагдаж байгаа учир удахгүй ийм сэдвээр зөвлөгөөгөө хуваалцана аа.

- Өмнө нь ийм дэвтэр гаргаж байсан туршлага бий юу?

- Байгаа. Анх төлөвлөгөөний дэвтрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж буй хүмүүст зориулан гаргаад хоёр жил явсан туршлага бий. Би өөрөө хүүхдээ яаж асардаг вэ, бусад ажлуудаа яаж шийддэг вэ гэдгээ хуваалцсан дэвтэр байсан. Саяхан “25-р суваг” телевизэд ярилцлага өгсөн, тэгээд гэр сургалтын групп дээрээ (Homeschool in Mongolia Монголын гэр сургууль) өөрийнхөө туршлагаа шэйрлээд байсан чинь хүүхдүүдтэйгээ харилцахад хэцүү байна гэж хүмүүс бичиж байсан. Тэгээд наад асран хамгаалагчийн чинь дэвтрийг аваад ашиглачихъя гээд байхаар нь үгүй үгүй, би тэгвэл яг тэдэнд зориулсан өөр ангиллын дэвтэр гаргая гэж шийдсэн. Өмнө нь дандаа хандив олж асран хамгаалагч нарт дэвтрээ үнэгүй тараадаг байсан. Энэ удаа Төв аймагт 100 хүүхдэд дэвтрээ тараах хандив олчихсон байгаа.

- Танд амжилт хүсье.

 

Д.Нямхүү: Өчигдөр ирсэн 65 иргэний шинжилгээний хариу орой гарна
Д.Нямхүү: Өчигдөр ирсэн 65 иргэний шинжилгээний хариу орой гарна
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.