Файзер компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла омикрон хувилбарт зориулсан вакцин гуравдугаар сард бэлэн болох бөгөөд тус компани вакциныг үйлдвэрлэж эхэлсэн талаар мэдээлжээ.
Тэрбээр CNBC-д өгсөн ярилцлагын үеэр "Бид шинэ төрлийн вакцины үйлдвэрлэлийг хэдийн эхлүүлсэн. Вакцин нь бүртгэгдээд байгаа бусад хувилбаруудад ч чиглэнэ. Зарим улс орнууд шинэ вакциныг аль болох хурдан бэлэн болгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ одоо улс орнууд хэрэглэж байгаа файзер вакцины нэмэлт тун эмнэлэгт хэвтэх, цаашлаад нас барах эрсдэлээс сэргийлж байгаа" гэжээ.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас хийсэн судалгаагаар Pfizer болон Moderna-ийн вакцинууд хоёр дахь тунг хийлгэснээс хойш 20 долоо хоногийн дараа омикроны халдвараас урьдчилан сэргийлэхэд ердөө 10 хувь орчим үр дүнтэй болж буйг тогтоожээ. Мөн нэмэлт тун нь халдвараас урьдчилан сэргийлэхэд 75 хувь хүртэл үр дүн үзүүлж байгаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNBC