Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOK: Ц.Элбэгдорж одоо НАЙЗ гэсэн үгээ “НАЙЗ“ гэж хэлэх болов уу?

Ангилал
Facelook
Огноо
Унших
10 минут 58 секунд
Олны танил хүмүүсийн амьдралыг ховор нандин зургуудаар нь өгүүлэх "Facelook" булангийн хоёр дахь дугаартай танилцана уу.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулж явсан түүнд эх орондоо эргэн ирэхээс эмээх үе ч бий. Амьдрал ийм л сонин. Зарим нь түүнийг шударга ёсны төлөө зориг гарган эргэн ирлээ гэх. Харин зарим нь аль хэдийнээ тохиролцсон, УИХ-д нэр дэвшихээр ирсэн гэх. Малчин айлын хоньчин хүүгээс Монгол төрийн удирдагч болсон Цахиагийн Элбэгдоржийн "Facelook"-тэй танилцана уу. 

 

1. Ц.Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд найман хүүтэй айлын хамгийн отгон хүү болон мэндэлсэн. Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн боловч иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр нь гуравдугаар сарын 30-нд төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг. Улстөрчид дандаа л гоц өдөр "төрдөг". МАХН-ын дарга Н.Энхбаяр 6 сарын 1-нд хүүхдүүдийг, Ц.Элбэгдорж Мартаар, эмэгтэйчүүдийг баярлуулж төрсөн өдрөө тэмдэглэсэн кампанит ажлууд олон бий. 

 

2. Зэрэгийн өндөр ууланд хөлд орж, хонь хариулж өссөн тэрээр тэндээ бага боловсрол эзэмшиж,  16 настайдаа Эрдэнэт хотод очин суралцаж, 1981 онд 10 дугаар ангиа төгсчээ.

3. 1980-аад онд Эрдэнэт хотод түүний аав ээж “Хангамж” хэмээх газар манаач хийж байсан бол Ц.Элбэгдорж  зуны амралтаараа 50 кг-аар савласан цементийг вагоноос буулгаж, зөөдөг ажлыг хийдэг байв. Тэрээр 10 дугаар ангиа төгсөөд нэг жил “яруу алдарт ажилчин ангийн” эгнээнд засварчин, ачигч хийж байгаад цэргийн албанд явсан юм.

 

4. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байв.  Уран цэцэн ярих чадвараа ээжээсээ авчээ дээ.

5.Улаанбаатараас мэндчилж буй шинэков: 1982 онд анх удаа Улаанбаатар хотод ирсэн түүний зураг.

6. Түрүүч Элбэгдорж "Улаан од" сонины тэргүүн нүүрт "Би эх орны цэрэг" хэмээн шүлэг нийтлүүлж байв. Та уншаад үзээрэй, гоё шүлэг. Хилээ манасан цэргийн чин сэтгэлийн үг үү? эсвэл нөгөө хошгируулалт уу?

7. Цэрэгт алба хааж байхдаа “Улаан Оч” хэмээх сонинд хэвлүүлсэн шүлэг, богино өгүүллүүдээрээ төрийн өндөр албан тушаалтнуудын анхаарлыг ихэд татаж, энэ нь түүнд ЗХУ-ын Цэргийн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцах боломжийг олгосон гэдэг. Идэвхтэн цэрэг хугацаат цэргийн албаа хааж дуусгаагүй дээд сургуульд явсан нь Монголд анхны тохиолдол байв. 

 

  8. Хамтлагийн хорхойтон: Тэрээр цэргийн албанд байх хугацаандаа зөвхөн шүлэг, найруулал бичээд суусангүй. Хамтлаг байгуулж өөрөө хамтлагийн ахлагч болж байв. Сэтгэлийн цэнгэл эдэлж, дуу хуурдаж, баярлаж зугацаах нь түүний л нэгэн төрх. Удахгүй улстөрийн хамтлаг байгуулахаа төсөөлж байсан болов уу?

9. Б+Э= Львовийн лаув. 1982 онд  Львов хотын цэргийн сэтгүүл зүйн сургуульд шилжив. Оюутан Э-гийн жаргалтай үе.  Учир нь тэр Б-г олов. Сургуулийн самбар, хичээлийн ширээ, нойлын хаалга гээд л бичиж болох бүхий л газарт нэрсээ холбож бичих моод өсвөрийн үеийнхний л хайрын илэрхийлэмж. Харин экс ерөнхийлөгч цаг үеэсээ хоцрогдсон уу, арай залуулаг сэтгэлгээтэй байсан уу гэдгийг хэлж мэдэхийн аргагүй.

10. Сургуулийн хашаанд цэрэг курсант, хашаанаас гараад оюутан аав. Элбэгдорж, Болормаа нар оюутан ахуй цагаасаа эхлэн үерхэж сургуулиа төгсөөгүй байхдаа гэрлэн эцэг эх болцгоожээ. Ууган хүү Э.Оргил нь Львов хотод мэндэлж, Ц.Элбэгдоржийг оюутан аавын ангилалд оруулав. Номоо ч уншина, хүүхдээ ч харна, залуу насны эрч хүч.

11.Одоо тэд ийм өнөр олуулаа болжээ. Өөрийн таван хүүхдээс гадна эцэг эхгүй 23 хүүхдийг асран хүмүүжүүлдэг тэрээр нийт 28 хүүхдийн гавьяат эцэг. Гэргий  Х.Болормаа нь “Халамжит гэр бүл” гэх төвтэй бөгөөд энэ төвөөрөө дамжуулан өнчин өрөөсөн хүүхдүүдийг асран халамжилдаг байна.

12.Сэвтээгүй алдрын эхлэл: Ц.Элбэгдорж 26 насандаа Монголын ардчилсан хөдөлгөөний анхны арван гурван алтан хараацайн нэг байв. 

"Бидний хөдөлгөөн их өргөжиж эгнээ маань олон хүнээр нэмэгдлээ. Олон үзэл бодлыг нэгэн урсгалд оруулж хамгийн боломжтой аргыг сонгох маш хэцүү юм. Улс төрийн тэмцлийн аргад өдрөөс өдөрт суралцаж байна" хэмээн тэрээр өөрийн тэмдэглэлдээ бичиж байв. "Ардчилалд хүрэх зам 1989 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн тэмдэглэлийн хэсгээс". 

13. Ардчилсан хувьсгалын он жилүүдийн түүхийг Ц.Элбэгдоржгүй, түүний чамин тансаг уриа үггүй, эсэргүүцлийн лоозонгүй төсөөлнө гэдэг боломжгүй.

14. 1989 оны 12 дугаар сарын 10-ны үдэд Сэлбийн эрэг дээр сэтгүүлч Ц.Элбэгдорж  ардчилсан хувьсгалын төлөө тэмцэгч С.Зоригийн хамт. МАХ (Монголын ардчилсан холбоо)-г байгууллаа гэдгийг олон нийтэд энэ өдөр зарлаж байжээ. Энэ өдрийг хүний эрхийн өдөртэй хамтатган Монголын бүх ардчилсан хүчнүүдийн эв нэгдлийн өдөр болгон тэмдэглэхээр зарлав. Ардчиллын алтан хараацайнууд ялсан, эрх мэдэлд ч очсон. Харамсалтай нь тэдний нэг нь тэнгэрт ниссэн юм. Хэн, яагаад гэх асуултыг одоо ч монголчууд хайсаар.

15. Айл бүрт нэг ийм зураг бий. Улстөрчийн эхнэр байна гэдэг хэцүү. Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсаны дараа Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасгийн дарга байсан эхнэрийг нь ажлаасаа халагдаж, хуушуур зарж явсан үе ч бий.

16. Шинэ сонин шинэ баяр: "Сонины анхудугаар төрөлтийг олон хүн эх барьж, бараг цуглаан шахам юм болж хүн бүр баяртай байлаа. Олон жил энд ажилласан хүмүүс сонин гарч байхад ингэж олон хүн ирж байсныг санахгүй байсан гэдэг" хэмээн тэрээр өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Энэ өдөр Ардчилсан намынхан өөрсдийн суртал ухуулгын анхны сониноо хэвлүүлж байсан бололтой.

17. Барак Обамагийн favourite ерөнхийлөгч: АНУ-ын ерөнхийлөгч асан Барака Обама "ээе миний favourite ерөнхийлөгч гээд нуруун дээр минь алгадаад өөр улсын хүмүүсийг шууд хаячихаад л над дээр ирдэг байсан" гэж манай экс ерөнхийлөгч яриад байгаа (Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Парламент ТВ-ийн “Ярих өнцөг” нэвтрүүлгийн ярианаас). Энэ зурагнаас харахад  Барака Обамагийн favourite ерөнхийлөгч байсан гэж хэлж болох л юм. Түүнд бас "Обамадуулж" явсан ч үе бий.

18.  2014 онд манай улсын зарим дарга, түшмэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хөрөг зургийг зөвшөөрөлгүйгээр өрөөндөө өлгөсөн явдал тухайн үедээ шуугиан тарьж байв. Учир нь түүний зургийг тавьсан хүмүүстээ биш экс ерөнхийлөгчийн байр сууриас болсон юм. Тэрбээр твитертээ “Албан тушаалтнуудын хананд зургаа өлгүүлсэнээс тэдний ханыг нураасан нь дээр” хэмээн бичжээ. Ер нь дарга нарын нэр хүндийг "доодохууд" нь л унагаадаг бололтой.

19. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ц.Элбэгдорж нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгч болов. Дараагийн сонгуульд мөн улиран сонгогдов. Энэ хугацаанд тэрбээр АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулж, Монгол улсыг олон улсад сурталчлав. Түүнчлэн  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж хэвшүүлэн, Монгол орныг цаазын ялгүй орон гэдгээр дэлхийд зарласан. Бас монгол ёсолгоо хийж, сүүтэй шинэ жил тэмдэглэхийг ч уриалсан. Бас дасйнуудаа ч улстөрөөс зайлуулсан. Бас өшөө олон юм хийсэн.

20. Элбэгдоржийг эрх мэдлээсээ буунгуут нь шүүхэд дуудав. Тэрээр гутлаа тослоод, гоё хувцсаа өмсөөд очсон. Гэвч удалгүй сураггүй болов. Экс ерөнхийлөгчийг хайж байна, зугтаад явчихлаа, хил давчихлаа, олдохгүй байна, шалгаж байна гэцгээв. Удаж удаж тэрээр эх орондоо ирэв. Одоо түүнийг юу хүлээж буй нь их сонин. Дахин нэг ерөнхийлөгч асаны оймс гялалзах уу? Эсвэл дахин нэр дэвших үү?

 

21. Тулга бол миний амин найзын нэг. Тийм ч учраас би үг даана гэж бодож хатуу үгийг хэлдэг юм.  Юм хийх гээд, ийм ийм юмыг хийх ёстой, хийчих юмсан гээд яриад явдаг тэр бүх сайхан санааг нь би үнэлдэг. Харин түүний зарим арга барилд нь асуудал байдаг. Түүнээс биш найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч өөрчилж чадахгүй” хэмээн Ц.Элбэгдорж 2014 онд Б.Ганчимэг сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ хэлсэн. Гэвч одоо тэр НАЙЗ гэдэг үгийг "НАЙЗ" гэж хэлэх болов уу? 

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ эх орондоо авчирлаа
БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ эх орондоо авчирлаа
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.