УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа сурагчдын үдийн хоолны талаар Засгийн газраас хэрхэн анхаарч байгаа талаар асуулаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой байгаа нь сурагчдын үдийн хоолтой холбоотой хүндрэл учруулж байна. Нэг хүүхдийн хоолны хувьсах зардал 900 төгрөг байсныг Монгол Улсын Засгийн газар 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тооцоо судалгаа хийгээд үзэхээр түрээсийн гал тогоотой сургуулиудын түрээсийн төлбөрт 800-900 төгрөг нь хувийнхны халаасанд ороод байгаа юм. Уг нь 1500 төгрөг бүтнээрээ хүүхдийн аягатай хоолонд зарцуулагдах ёстой.
Тиймээс бидний цаашдын бодлого нь ЕБС-иудыг түрээсийн гал тогоогүй болгох юм. Хуулиараа ЕБС-иуд түрээсийн гал тогоотой байх ёсгүй. Нэг жилийн дотор бүх сургуулийн түрээсийн галт тогоог гаргаж чадахгүй учраас энэ ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа" гэв.