Дэлхий дахинаа тархаад буй COVID19 халдварт тахлын дэгдэлттэй холбоотойгоор Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ОУИНБ/-аас санаачлан Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудыг оролцуулсан цахим хурлыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү цахим хурал нь ОУИНБ-аас COVID19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгтэй холбоотойгоор Гишүүн орнуудад мэдээлэл, санаачилга өгөх, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хооронд туршлага, санал солилцох гол зорилготой бөгөөд хурлаас ОУИНБ-аас Гишүүн орнуудыг дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулав. Үүнд:
- ОУИНБ-аас санаачлан хэрэгжүүлж буй “CAPSCA”- “Нийгмийн эрүүл мэндийн талаар иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг тодорхойлох, зохицуулах, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хөтөлбөр”-т нэгдэн хэрэгжүүлж эхлэх.
- Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцийн 9 дүгээр Хавсралтын хүрээнд Үндэсний Хялбаршуулалтын Хороо байгуулах.
- Хялбаршуулалтын хөтөлбөрийн хүрээнд ачаа тээвэр болон тусламжийн арга хэмжээний талаарх Чикагогийн конвенцийн 9 дүгээр Хавсралтын 4.7, 8.8, 8.9 дэх стандартуудыг баримтлах. Аюулгүй байдлын үзлэгийн арга хэмжээнд холбогдох зөвлөмжүүдийг анхаарах.
- Агаарын тээврээр зорчигчдын эрүүл мэндийг COVID19 халдвараас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ 2020 оны 4 дүгээр сарын 30-аас өмнө ОУИНБ-д хүргүүлэх.
Мөн нисэх буудлуудын үйл ажиллагааг зогсоохтой холбоотойгоор Чикагогийн конвенцийн 15 дугаар зүйлийн дагуу нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж бусад гишүүн орнуудын агаарын хөлгийг хүлээн авахад бэлэн байлгах, нисэх буудлын үйл ажиллагааг зогсоох эсэх талаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд нисэх буудлаар үйлчлүүлэгчдийг оролцуулж, нөөц аэродромыг бүрэн хаах явдлаас сэргийлэхийг анхаарууллаа.
Түүнчлэн агаарын навигацийн үйлчилгээтэй холбоотойгоор Чикагогийн конвенцийн 11 дүгээр Хавсралтын 2.32 дахь хэсэгт заасны дагуу болзошгүй нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хүчин төгөлдөр мөрдөж буй “Нислэг хөдөлгөөний менежментийн нөөц төлөвлөгөө”-г шинэчлэх, нислэг хөдөлгөөний үйлчилгээний хүний нөөцийг хангалттай байлгахыг үүрэг болгов.
Цахим хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас гадна IATA, EASA, IFATCA-ийн төлөөлөл ажиглагчаар оролцсон бөгөөд АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргааны Ази, Номхон далайн бүсийн Захирал оролцож, Иргэний нисэхийн удирдах байгууллагууд COVID19 халдвартай шалтгаалан тухайн улсад үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар