Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүллээ.
Хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцэж, дэмжив. Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүлэв. Ингэснээр тухайн чиглэлд автобус өдөр бүр явах боломжтой боллоо. Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 авто зогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас тооцсон байна. Улмаар ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Эрүүл мэндийг сайжруулах үүднээс эмч нар иргэдийг ууланд алхахыг зөвлөдөг. Гэвч Богдхан ууланд алхахад автобус явдаггүй, иргэд хувийн автомашинаар зорчих зэрэг хүндрэлтэй асуудал гардаг. Тиймээс уг ажлыг нэн чухал гэж үзэж байна. Гэхдээ автобусыг энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулж эхлэх хэрэгтэй. Мөн бие засах газрын асуудлыг шийдэх шаардлагатайг иргэд хэлж байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тэмдэглэлээр үүрэг өгье. Үүнээс гадна автобус явуулах цаг зэргийг нарийвчлан тооцож, төлөвлөлттэй явуулах хэрэгтэй. Цаашид Хонхор тосгон зэрэг газруудын энэ мэтээр автобус явуулахыг судлах хэрэгтэй” гэв.