Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Шинэцэцэг: Бага насны хүүхдэд кет, пүүз, бойтог өмсгөх нь ул хавтгайрах өвчинтэй болгодог

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 25 секунд

Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, бие бялдарын хөгжилд багаас нь анхаарахгүй бол хожмоо олон сөрөг үр дагавар гардаг байна. Үүний нэг нь хүүхдийн ул хавтгайрах өвчин юм.

Бага насны хүүхдийн ул хавтгайрснаараа насанд хүрсэн хойно удаан алхаж чадахгүй хөл өвдөх, нуруу өвдөх зэрэг олон өвчний суурь болдог аж. Хөл хорионоос шалтгаалж гэртээ удаан байсан цэцэрлэгийн насны хүүхдүүд таргалах улмаар хөлийн ул хавтгайрах нь ихэсчээ. Мөн хөлийн ул хавтгайрах нь хүүхдэдээ кет, домашкан гутал удаан өмсгөснөөс шалтгаалж энэ өвчин үүсдэг байна.

Энэ мэт эцэг эхчүүдийн анзаараад байдаггүй, жижиг асуудал юм шиг хэрнээ олон сөрөг үр дагавартай асуудлын талаар 93 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Шинэцэцэгтэй ярилцлаа.

Ташрамд дурдахад, цэцэрлэгийн насны хүүхдүүдээс дэлгэцийн донтолт, улмаар хараа муудах, таргалалт зэрэг олон сөрөг дагаврууд ажиглагдаж байгаа талаар ярьсан юм. Мөн Монгол тоглоом наадгайгаа ашиглахгүй байгаагаас болж цэцэрлэгийн насны хүүхдүүд хэл ярианы гажигтай, сэтгэн бодох чадвар муу болж байгаа талаар дараагийн цуврал ярилцлагаар хүргэх болно. /Монгол тоглоом наадгайд хэл зүгшрүүлэх үг, хэлц үг, түргэн хэллэг, оньсого, таавар зэрэг багтана/

-Цэцэрлэг болон сурагчдын өвлийн амралт эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Танайх хэдэн хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байв. Одоо эцэг эхийн хүсэлтээр хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаагаас яриагаа эхэлье?

-Цэцэрлэг сургууль хэвийн ажиллаж байхад 200 гаруй хүүхэд хамрагддаг бол одоо 60 гаруй хүүхэд хамрагдаж байна. Гурван ангийн хүүхэд гэсэн үг.

-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ул хавтгайрах өвчин ихээхэн ажиглагдах болсон байна гэж сонссон. Хүүхдийн ул хавтгайрах гэж юу вэ?

-Хүүхдүүд төрөхдөө ихэнх нь эргэсэн муруй болон хавтгай тавхайтай төрдөг. Хавтгай тавхай гэдэг нь бага насны хүүхдүүд мяриа ихтэй байдгаас нум нь ялгарч харагддаггүй.

Олон улсад хоёр нас хүртэл хавтгай тавхайтай байхыг эрүүл гэж үздэг. Тиймээс хүүхдийн хөлийн нум сайн ялгарч харагдахгүй хэрнээ эрт хөлд орсон бол санаа зоволтгүйгээр дөрвөн нас хүртэл нь ажиглаж болно. Нярай хүүхдүүдийн ихэнх нь эргэсэн муруй болон хавтгай тавхайтай төрдөг. Үүнд санаа зовох хэрэггүй.

-Хүүхдийн ул хавтгайрах нь ямар шалтгаан нөхцлөөс болдог вэ?

-Олон янзын шалтгаанаас болоод ул хавтгайрдаг. Өдрөөс өдөрт өсөж буй хүүхдийн хөлд нумгүй гутал байнга өмсүүлснээр хүүхдийн нум тавигдан хавтгай тавхайтай болдог. Ингэснээр биеийн тулгуур алдагдан, хүндийн төв өөрчлөгдөн цусан хангамж муудаж, хөл өвдөх шөрмөс татах, булчин таазаар өвдөх, хөл хөхрөх, даарах зэрэг шинж илэрч болно. Хүүхдийн хөлийн улны хөгжил бие организмд нөлөөлж, хөлийн ул хавтгай болох нь биеийн галбирыг алдагдуулна. Тавхайн хэлбэрийг: хэвийн, хавтгай, хүнхэр гэж ангилна.

-Ул хавтгайрахаас урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Хавтгай тавхай өвчнийг эмчлээгүйгээс амь насанд халгүй ч, энэхүү өвчин тулгуур эрхтний суурь болж өгдөг. Эмчлээгүй тохиолдолд таргалах, өвдөг, нуруу, түнхэнд өөрчлөлт ордог.

-Хүүхдийнхээ хөлийг хавтгайрч буйг хэрхэн мэдэх вэ?

-Хавтгай тавхай өвчнийг ажиглахаас өөрөөр цагаан цаасан дээр хөлийг нь будаж гишгүүлэх хэрэгтэй. Нумтай хэсэг хоосон гарах ёстой. Харин хавтгай тавхайтай бол бүтэн ул харагдана.

-Бага насандаа хавтгай тавхайгаа эмчлүүлээгүй хэдий ч насанд хүрсэн хойноо эмчлүүлэх боломжтой юу?

-Хүүхэд тань таван нас хүрээд хөлийн уланд нь нум үүсээгүй бол эмчид хандах хэрэгтэй. Мөн хавтгай ултай удамтай бол удамших магадлалтай. Хавтгай ул гэдэг нь тавхайн яснуудын согог эсвэл ахиллын шөрмөс (шилбэний эрээн булчингийн өсгий ясанд бэхлэгддэг шөрмөс) богиноос шалтгаалан нумгүй байхыг хэлдэг. Үүнийг бид гадагшаа болон дотогшоо майга гэж нэрлэдэг. Гадагшаа гишгэдэг хүүхдэд улны дотор талд биеийн жингийн ачаалал ирдгээс хавтгай ултай болдог. Дотогшоо майга нь ул хавтгайрах түгээмэл шинж. Харин гадагшаа майга нь ул хэт хүнхэр болох шинж юм. Таваас дээш настай хүүхдийн гутлыг зэрэгцүүлэн тавьж шинжээрэй. Улны хавтгайралт болон хэт хүнхэр байх мөн өрөөсөн хөлөнд илэрдэг. Харин насанд хүрсэн бол та заавал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

-Та хүүхдүүд дундаа ийм төрлийн судалгаа хийсэн үү?

-Мэдээж хийсэн. 20 гаруй хүүхдийн хөлийн улыг будганд дүрж бичгийн цаасан дээр мөрийг нь авахад 10 гаруй хүүхдийн хөлийн ул хавтгай байсан. Харин хүүхдүүдийн ихэнх нь таргалалттай байсан.

-Ул хавтгайрах нь удамшлаас гадна өмссөн гуталтай ихээнхэн холбоотой гэсэн?

-Ерөнхийдөө энэхүү өвчин нь удамшлын шинж чанартай байна. Мөн буруу хувцаслалтаас үүсч байна. Тухайлбал кет, пүүз, бойтог гэх мэт хавтгай гутлаас үүдэлтэй байна. Эцэг эхчүүд зөөлөн ултай гэж сонгодог гутлууд хүүхдийн тавхайг хавтгайруулж байна.

-Хавтгай улыг эмчлэх ямар арга байна вэ?

-Өвчнийг эмчлэх бүрэн боломжтой. Зургаан нас хүртэлх хугацаанд хүүхдийн хөлөнд нум үүсэж байдаг. Хэрэв хүүхдийнх нь хөл нумрахгүй байвал элс, зүлэг, хайрга дээр гишгүүлэх хэрэгтэй. Мөн дотроо нумтай гутал өмсгөх, дугуй унуулах хэрэгтэй байдаг.

Эмнэлэг, хүүхдийн байгууллагуудад мэргэжлийн хүмүүсийн хийлгэдэг гимнастик ба иллэг, зориулалтын гутал, супинатортой улавч гутал дотор хийж өмсүүлэх гипсээр хүнхэр гаргаж засах зэрэг болно. Мөн унадаг дугуй унуулах, араараа ухарч алхах нь сайн нөлөөтэй.

-Хүүхдийн гутлыг сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Үүнд хамгийн түрүүнд улыг нь сайтар анзаарах хэрэгтэй. Хүүхдийн гутал улныхаа хэмжээтэй яг тохирч байх ёстой. Хүүхдэд резин гутал удаан хугацаагаар өмсгөх хэрэггүй байдаг. Хэрвээ багадсан юмуу томдсон гутал өмсвөл улны хэв хэмжээ өөрчлөгдөнө.

Хүүхдийн бие организм байнга өсөж, хөгжиж байдаг учраас хөгжлийг нь дэмжсэн түүнд саад болохгүй сөрөг нөлөө үзүүлэхгүй байх учиртай. (хөлийн хатуу ултай гутал тулдаг гэж боддогч үнэндээ хөлийн булчингууд л тулж бдаг. Хөлд орж буй хүүхдийн хамгийн сайн гутал бол хөл нүцгэн байх) Мэргэжлийн гуталчид болон нөхөн сэргээх анагаах ухааны эмч нар монголд хавтгай тавхайтай хүүхэд олширсоор байгааг мэдээлж, хавтгай тавхайг засах протез хэрэглэгч хүүхдийн тоо өссөөр байгаа тухай мэдээлж байна.

Иймээс хүүхдэдээ нумгүй гутал (бүх төрлийн кет, UGG бойтгон гутал, улавч углааш гэх мэт) байнга өмсүүлэхгүй байх нь чухал. Дараагийн чухал зүйл бол гутлыг хийсэн материал. Чийг татахгүй арьсан гутлыг сонгоорой гэж зөвлөе.

Ярилцсанд баярлалаа.

Э.Намуун: Карьер бол зуурдынх, гэр бүл бол үүрдийнх
Э.Намуун: Карьер бол зуурдынх, гэр бүл бол үүрдийнх
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.